Исландад суралцах оюутны тоог нэмэгдүүлнэ

Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь удаагийн бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсын Гадаад хэргийн сайд Тордис Колбрун Рейкфьорд Гильфадоттиртай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Монгол болон Исланд улс нь эрс тэс уур амьсгалтай, харьцангуй цөөн хүн амтай, аялал жуулчлалын улирал нь харьцангуй богино байдаг зэрэг олон нийтлэг зүйлтэй.  Тиймээс байгалийн аялал жуулчлалд суурилсан шинэлэг бөгөөд өвөрмөц аяллын төрлүүдийг хөгжүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож ажиллахаар талууд тогтов.

Түүнчлэн цахилгаан, дулааны хэрэгцээгээ усан цахилгаан станц, газрын гүний дулаан зэрэг сэргээгдэх эх үүсвэрээс хангадаг Исландын туршлагыг монголын тал судалж нэвтрүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Исланд улсад суралцаж буй Монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ исландын тал мэдэгдэв.

Олон улсын томоохон хурал, арга хэмжээний үеэр уламжлал болгон зохион байгуулж ирсэн эмэгтэй Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, шинэ агуулга, хэлбэрээр баяжуулж ажиллах нь чухал гэдэгтэй  хоёр сайд санал нэгдэв.