Х.Нямбаатар: АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа Хөгжлийн банктай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Хөгжлийн банкийг улс орны хөгжлийн том хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зориулалтаар байгуулсан. Гэвч гажууджээ. Арилжааны банкны хэлбэрт орсон байна. Өмчийн эзэн нь тодорхой бус, 36 сая төгрөгийн зээл хүртэл олгодог, ломбардны түвшинд очсон сүүлийн 10 гаруй жилийн хор уршиг гарч байна.

Зээлдэгчдийг ялгаж зааглах ажил хийгдэж байна. Яг импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, үйлдвэр барьж, баялаг бүтээхээр хөрөнгө оруулалт хийсэн, гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хүндэрсэн, ханшийн эрсдэлд орсон зээлдэгчдийг ялгаж салгах ёстой. Нөгөө талдаа зориулалтын бусаар зээлээ зарцуулсан, анхнаасаа бүр эргэн төлөх бодолгүйгээр зээл авсан, залилан мэхлэх үйлдэлтэй, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй зээлдэгчдэд хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Зээлдэгчдийн зарим хэргийг цагдаагийн байгууллага, зарим зээл нь АТГ-т шалгалт хийгдэж байна. Мөрдөн шалгах ажлыг хуваарилж, харьяаллынхаа дагуу цаг алдалгүй хийж байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгүүдийн ажил үүргийн хуваарь өөр өөр. Тэр хүмүүс хуулийн хариуцлагаа хүлээх л болно, энэ бол тодорхой. Хууль хяналтын байгууллага зээлийг эргэн төлүүлэх асуудал руу илүү их төвлөрч ажиллаж байгаа. АН, МАН-гүй нийлж Хөгжлийн банкийг тоножээ гэж ойлгож байгаа" гэжээ.