"Монгол Улс хүний эрхийг дээдлэх бодлогыг тууштай баримталж ирсэн"

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Европын Холбооны Парламентын гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар салбарын сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны  үйл ажиллагааны хөтөлбөрт заасан хууль тогтоомжийг 2024 он хүртэл  боловсронгуй болгох үндсэн чиглэл болон Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хувийн эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр тодорхой ажлуудыг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж байгаа талаар төлөөлөгчтэй санал солилцов.

Энэ үеэр Европын Холбооны парламентийн төлөөлөгчид Монгол Улсыг бүс нутагтаа ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, шударга ёсыг бэхжүүлэх бодлогыг тууштай баримталж ирснийг онцлон тэмдэглэж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв.

Мөн Монгол Улсад өрнөж буй шүүхийн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.