Б.Болортуяа дэлхийн чансааг тэргүүлж байна

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн долоо хоногт Туркийн Стамбул хотод болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний дараа чансааг шинэчлэн гаргажээ. Тус тэмцээнд эмэгтэйчүүдийн 53 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Бат-Очирын Болортуяа 56200 оноогоор дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.

Тэрбээр Токиогийн олимпийн хүрэл медаль хүртсэн оноондоо Туркэд түрүүлж 13000 оноо нэмэрлэснээр таван байраар урагшилж 53 кг-ын жинд тэргүүлэв.

Тэгвэл өнгөрсөн жилийн Ослогийн ДАШТ-ээс хүрэл медальт ОУХМ Т.Тулга Яшар Догуд тавдугаар байрт орж 53500 оноотой болсноор гурван байр урагшилж 65 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байна.

Стамбулд хүнд жинд үзүүрлэсэн ОУХМ М.Лхагвагэрэл 65400 оноогоор нэг байр ахиж 125 кг-д дөрөвдүгээр байр руу дэвшив.

Монголын бөхчүүдээс “Топ-10”-д эрэгтэйчүүдийн 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга 25000 оноогоор зургаад, 79 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ 17000 оноогоор найм, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Д.Отгонжаргал 41200 оноогоор долоод, 57 кг-д ОУХМ Э.Даваачимэг 31000 оноогоор долоод, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 31000 оноогоор дөрөв, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа 31000 оноогоор найм, 68 кг-д хөдөлмөрийн баатар С.Батцэцэг 23000 оноогоор наймдугаар байрт тус тус бичигдэж байна.

Тэгвэл Туркийн тэмцээнд илүүрхэж түрүүлсэн гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 13000 оноо цуглуулсан ч 62 кг-д өмнө нь ямар ч оноо аваагүй байсан тул чансаанд эхний 20-д хараахан багтаагүй байна.