Анхаар амны хаалтаа зүүцгээе

Цар тахлыг монголчууд байтугай дэлхий дахинд дарж чадахгүй дарлуулсан хэвээр байна. Халдварын тоо буурч байгаа нь сайн ч нас баралтын тохиолдол бүртгэгдсээр байгаа нь харамсалтай үзүүлэлт, бодит хариулт. Сүүлийн 24 цагийн байдлаар 120 хүнээс халдвар илэрч, нэг хүн нас барлаа. Эмнэлэгт 1154 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ангилбал, жирэмсэн эмэгтэй 80, хүүхэд 296. Гадуур гудамжинд таарсан гурван хүний хоёр нь амны хаалтгүй явж байна. Эрүүл мэндийн яам, холбогдох газраас амны хаалтаа тогтмол зүүж, аюулт өвчнөөс өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалахыг цаг тутамд анхааруулж байгаа. Гэвч зарим иргэн яагаад "Ковид 19" вирусийг үл тоож, дураараа авирлаж, бусдын амьд явах эрхэнд эрсдэл учруулж байна вэ? Маск зүүхгүй явж байгаа хүн халдвар авна. Энэ хэрээр бусдад тараах магадлал өндөр. Шар төвшинд шилжлээ гэдэг нь амны хаалт зүүхээ боль гэсэн үг биш. Нэгэнт цар тахалтай дасан зохьцож амьдрахаас аргагүйд хүрсэн нь үнэн ч тэгэхийн тулд хүн бүр хариуцлагатай байхын л нэр юм.

С.Хорлоо