Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн 122 дугаар сургууль "Жишиг, эко"-д тооцогдож байна

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны 122-р сургуулийн өргөтгөлийн шинэ барилга 2021 оны есдүгээр сард ашиглалтад орсон. Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж ашиглалтад орсон сургууль юм.

Тус сургууль нь газрын гүний дулааны насос бүхий халаалтын системийг ашигласан бөгөөд халаалтын сарын зардлыг 2.7 дахин буюу 16 саяас 6 сая төгрөг болгон бууруулж, агаар, орчинд ялгаруулах бохирдуулагчийн хэмжээ буурсан эерэг үр дүнг үзүүлсэн. Тиймээс сургуулийн дотоод орчин, халаалт, бусад үйл ажиллагаа улсын хэмжээнд "Жишиг, эко сургууль"-д тооцогдож байна.

Газрын гүний дулаанаар халаалтаа шийдсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь 640 хүүхдийн суудалтай, сурагчдаа орчны бохирдолгүй цэвэр орчинд сурган, хүмүүжүүлж буй зөв жишгийг үлгэрлэж байна. Тус сургуулийн хамрах тойрогт 33 дугаар хорооноос гадна 22, 32 дугаар хорооны сургуулийн насны хүүхдүүд багтдаг.