Байт харвааны спорт өдөрлөгийг зохиов

МҮОХ-ны Спорт дахь эмэгтэйчүүд комиссоос олимпын төрлийн спортыг сурталчлах, эмэгтэй тамирчдыг алдаршуулах чиглэлийн арга хэмжээг цувралаар зохиож буй. Үүний хүрээнд өчигдөр Баянгол дүүргийн спорт хорооны байранд байт харвааны спорт өдөрлөгийг зохиолоо.
Арга хэмжээнд ОУХМ, “Лондон 2012”, “Токио 2020” Олимпын наадмын оролцогч, МУ-ын 10 удаагийн аварга, 6 удаа улсын рекорд шинэчилсэн, ААШТ-ний 2 мөнгө, Азийн Гранпри тэмцээний хүрэл медальт, Дэлхийн армийн спортын наадмын мөнгөн медальт тамирчин Б. Урантунгалаг оролцлоо.
Спорт өдөрлөгт Баянгол дүүргийн 40-р сургууль, Оюуны Ундраа сургууль, Эрдмийн Ундраа сургуулийн сурагчид болон Байт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Ю.Ганзориг болон шигшээ багийн тамирчид тус тус оролцож байт харвааны харвалтын техник үзүүлбэр үзүүлж, сурагчдад хэрхэн зөв техникээр харвах богино хичээл орж олимпын төрлийн спортоор биечлэн харваж үзэх боломжоор хангажээ.