Б.Одсүрэн: Зогсоолыг төлбөржүүлж, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой

Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн авто зогсоолын талаарх байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Улаанбаатар хотын зогсоол бол цогц асуудал. Бүх зогсоолыг төлбөртэй болгохын тулд зогсоол стандарттай байх ёстой. Тухайлбал, зогсоол руу орох гарах, давхар тавих боломжгүй байх, төлбөр авах, хэрэгжүүлэх үндэс суурь, нөхцөлийг бий болгох ёстой. Эхний ээлжид Бага тойруугийн зогсоолуудыг энэ ондоо багтаан стандартад оруулж байгаа. Дараа жилээс Их Тойруугийн зогсоолуудыг гэхчлэн үе шаттайгаар хэрэгжүүлнэ.  Тэрнээс өм цөм, наана цаана хийх боломжгүй.  Улаанбаатар хотын гол  гудамж, зам дээр зогсоол байх боломжгүй. Ялангуяа төв зам дээр байгаа замын хажуугийн зогсоолуудыг НИТХ-аар оруулж, стандартад оруулахаар ажиллаж байна. Төв замд хажуугийн зогсоолтой байхаар машинтай иргэд давхар зогсоод, нэгдүгээр эгнээгээ тэр чигээр нь хаачихдаг. Үүнээс болж автобус нэгдүгээр эгнээнд биш, хоёрдугаар эгнээ рүү ордог. Улмаар зорчих хөдөлгөөн эрс буурдаг.

Түүнчлэн зогсоолын бүсчлэлийн орон зайг тогтоох, бүсчлэлээ дагаад зогсоолын төлбөр тогтоох  асуудал байна. Зогсоолын төлбөрийг шинэчилж байна. Дараа долоо хоногт НИТХ-аар хэлэлцэнэ. Зогсоолыг төлбөржүүлээд, стандарттай болгосноор түгжрэлийг 16 хувиар бууруулах боломжтой.

Хотын хэмжээнд нэн тэргүүнд хашаагаа буулгая гэдгийг нийт иргэд, аж ахуйн нэгжүүддээ уриалмаар байна. Өмчлөх сэтгэхүйгээ больё. Нийтийн эрх ашгийг дээдэлье. Бүгд газраа эмжээд, хашаа барьчих юм бол бүгд машинд суухаас аргагүй нөхцөл бий болно. Иймд явган замын нөхцөл байдлаа сайжруулъя, хашаагаа буулгая гэдэг уриалгыг гаргаж байна” гэсэн байна.