Б.Батшагай: Улаанбаатар хотод долоон төрлийн 15.967 өргөх байгууламж ашиглагддаг

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд барилга угсралтын ажил эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэлд барилга барьж буй болон өргөх техник ашиглагч байгууллагуудын хэмжээнд хяналт тавьж ажиллалаа. Он гарснаас хойш хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйгээс гурван иргэний амь нас хохирсон. 2020 онд 139 хүн,  2021 онд 114  хүн амь насаа алдсан байдаг. Тиймээс барилгын үйлдвэрлэлд гол үүрэг гүйцэтгэдэг өргөх байгууламж бүхий байгууллагууд, барилга угсралтын компаниудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод долоон төрлийн 15.967 өргөх байгууламж ашиглагддаг" гэсэн юм.

Эдгээр мэдээллийг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын төв хэсэг, Их, Бага тойруу, 40, 50 мянгатад зургаан давхраас өндөр барилга бариулахгүй гэдэг хатуу байр сууриа илэрхийлсэн юм. Түүнчлэн бүх төрлийн бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж, татвартай холбон ажиллахыг санууллаа.