Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболд гуравдугаар сарын 21-нд Булган аймагт ажиллаж, тус аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн  удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буй юм.  

Булган аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл болон бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн тус аймагт Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулж буй Дэмжих төвийн засварын ажилтай танилцав.