Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгт бүрэн засвар хийнэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн нар гуравдугаар сарын 21-нд Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.

Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын Багануур дүүргийн 142-р цэцэрлэгт их засварын ажил хийх юм. Тус цэцэрлэгийн  барилга олон жилийн эдэлгээнээс шалтгаалан хуучирч муудсан модон цонхоор дулаан алдагдаж цэцэрлэгийн 247 хүүхэд болон багш, ажилчдын сурч хөдөлмөрлөх нөхцөл шаардлага хангахгүй болжээ.

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 580 дахь, Багануур дүүрэгт хэрэгжих дөрөв дэх төсөл юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 148,043 ам.доллар буюу 421.8 сая төгрөг.   

Япон Улсын Засгийн газраас 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд гол үүргийг гүйцэтгэдэг.