УИХ-ын гишүүн асан Д.Арвин таалал төгсчээ

Төр, нийгмийн зүтгэлтэн УИХ-ын гишүүн асан Д.Арвин хүнд өвчний улмаас энэ сарын 4-нд таалал төгслөө. Д.Арвин нь 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/-ын зэрэг хамгаалсан байна. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдсон юм.

Д.Арвин ажил амьдралын гаргаагаа Ардын армиас эхэлж 1981-1987 онуудад 221, 162 дугаар ангид ангид ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байлаа.

Д.Арвин нь ухамсарт амьдралынхаа ихэнх багагүй хугацаанд Монгол Улсын Их хурлын гишүүнээр ажиллахдаа иргэдийнхээ амьдралд нийцсэн хууль батлуулах, эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө сэтгэлээ чилээж авдаг эрхэм үйлстэн байсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, 2000 онд "Алтан гадас" одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан билээ.

Д.Арвины гэл даруу, хүнлэг нөхөрсөг, бүтээлч хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.