Х.Ганбаатарыг чөлөөлж, С.Цэвээндоржийг томилно

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшжээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд даатгуулагчийг төлөөлсөн гишүүн нэр дэвшжээ. Иймд нэр дэвшигчийн сонсгол хийх тул Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг өчигдөр хэлэлцлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлжээ.

Нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 18-нд зохион байгуулна. Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэлийг томилов. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэнтэй холбогдуулан нэр дэвшигчийн сонсголыг мөн ирэх сарын 18-нд зохион байгуулна.  Сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригийг томилох тогтоолын төслийг гишүүдийн олонхын саналаар батлав.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Монголын үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарын томилогдсон хугацаа дууссан, Монголын даатгагчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Т.Батзул нь чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлжээ. Иймд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд тус холбооны нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа нарыг нэр дэвшүүлжээ. 

Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Х.Ганбаатарын томилогдсон хугацаа дууссан тул тус холбооноос Улаанбаатар төмөр замын Хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндоржийг дэвшүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүн Ц.Цолмонгэрэл чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн, Монголын үйлдвэрчний эвлэлийн  ерөнхийлөгч Х.Амгаланбаатар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа нарыг нэр дэвшүүлжээ.