ШЕЗ: Шүүх хуралдааны тов, шийдвэрлэлтийг харах боломжтой

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зөвлөлийн гишүүн Н.Баасанжав дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "Шинэчлэгдсэн judcouncil.mn сайтын эрх зүйн акт хэсэгт баталсан бүх дүрэм, журам бий. Дөрөвдүгээр сарын 1-нээс багц дүрэм журмууд хэрэгжиж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоотой процессын хуулиудыг амьдрал дээр хэрэгжүүлэхэд шүүхийн захиргааны ажилтнуудын баримтлах гарын авлага шахуу болдог аргачлалууд батлагдсан нь өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж байна.

Энэ хугацаанд Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой дүрэм журмуудыг баталсан. Тухайлбал, Шүүхийн тамгын газрын нийтлэг журам, Аудит, дотоод шинжилгээ, дотоод аудитын журам, Архивын үйл ажиллагааг зохицуулж буй дүрэм журмуудыг баталсан.

Хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой, шүүгчийг сэлгэн ажиллуулах журмыг оны өмнө баталсан. Өмнө нь энэ зохицуулалт байгаагүй харин одоо Шүүхийн тухай хуулиар хоёр хүртэл жилийн хугацаанд шүүгчийг сэлгэх боломжтой болсон юм. Сурах зорилгоор эсвэл хүүхэд асрах, өвчний улмаас урт хугацаанд чөлөө авсан шүүгчийн орон тоо бий болдог. Тухайн хугацаанд тэрхүү ажлын байр хадгалагдаж байдаг учраас шүүгчийг сэлгэх ажиллуулах захиалгын дагуу нөгөө талд зараа гаргаж, хүсэлтээ ирүүлэх шүүгчээс сэлгэн ажиллуулна.

Шинэчлэгдсэн цахим хуудасны сэлгэн гэх хэсэгт орвол захиалгууд, зарууд болон шийдвэрлэлтийн талаар ил тод байрлуулсан. Бидний төлөвлөснөөр дөрөвдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд сонгон шалгаруулалтын зарыг гаргана. Ингэхээр хуулийн дагуу зар гарснаас хойш 30 хоногийн дотор нэр дэвшигч буюу шүүгчээр ажиллах хүсэлтэй байгаа шаардлага хангасан хуульчдаас материалаа бүрдүүлэн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа эхлээд явна.

Шинэ хуулийн дагуу шүүгчийн сургалтыг хариуцахаа больсон бөгөөд зөвхөн Шүүхийн захиргааны ажилтнуудыг сургах, бэлтгэхэд үүрэг чиглэсэн. Цахим хуудаснаас Shuukh.mn сайтын мэдээллийн санд хэчнээн шүүх хуралдаан товлогдсон болон хэчнээн шүүхийн шийдвэр уг санд байршсан байгааг харах боломжтой" гэлээ.