Н.Төгсцогт: Би дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, ялна гэдэгтээ итгэлтэй байна

Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт WBC бүсний аваргын төлөөх тулааны талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Fox телевизээс бидэнд энэ наймдугаар сарын 3-нд тулааны өдрийг өгсөн. Тоглолтоосоо өмнө эх орондоо  хэдэн өдөр сайхан амрах бодолтой байна.  Өрсөлдөгч Гарри Рассел тулааны саналыг хүлээж авахгүй бол WBC өрсөлдөгчийн маань бүсийг хурааж авна. Одоогоор бидэнд хариу ирүүлээгүй байна. Гар нь гэмтэлтэй байгаа. Жилднэг тоглодог тамирчин гэж сонссон. Хэрэв саналыг хүлээн авбал наймдугаар сарын 3-нд шууд аваргын тулаанаа хийх юм.

Бэлтгэл арай хангагдаагүй байна. Гэхдээ би ялна гэдэгтээ өөртөө итгэлтэй байгаа. 2017 онд шөрмөсөө сунгаж маш том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй болохоор гарны гэмтэл хурдан сэдрээд байдаг. Түүнээсээ болж маш олон тоглолтуудыг алгассан. Би нэг л зүйлийг их зорьж байна. Тэр нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх юм. Америкт очоод боксын бэлтгэл, арга барил гээд бүх зүйлийг шинээр эхэлсэн. Энэ хугацаанд тусалж дэмжиж байсан Монголын боксын холбоо, багш нартаа маш их баярлалаа. Баярлаж талархах хүмүүс олон бий" гэв.