“Говийн чоно-2022” олон улсын сургуулийн бэлтгэл ажлын уулзалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Говийн чоно-2022” олон улсын сургалт, дадлага сургуулийг Баянхонгор аймагт зохион байгуулна. “Говийн чоно-2022” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах, төлөвлөлтийн уулзалт ОБЕГ-т эхэллээ. Уулзалтад ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалах хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хошууч Эрик Келли нараар ахлуулсан хоёр улсын ажлын хэсгийнхэн оролцож байна.

Мөн Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс цахимаар тус уулзалтад оролцож байгаа юм. Уулзалтаар дадлага сургуульд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Академик сургалт, танхимын дадлагын сэдвүүд, Команд штабын дадлагын цагийн байдал, өрнөл, техникийн сургалтын хөтөлбөрийг хэлэлцэнэ.