С.Энхболд: Казахстан, Киргиз руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортолно

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт, үр нөлөөний талаарх аудитын тайланг сонсож эхэллээ.

Энэ үеэр "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний маш чухал хэсэг нь эм. Эм чанартай байж тусламж үйлчилгээний үр дүн гарна. 2021 оны нэгдүгээр сард Эм, эмнэлгийн хяналт зохицуулалтын газрыг байгуулсан. Өнгөрсөн онд эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих 52 байцаагчийг ажиллуулж эхэлсэн.

Эмийн үнэд зохицуулалт хийж байна. Эмийг худалдан авах үйл ажиллагааг нэгдсэн систем рүү шилжүүлсэн. Зайлшгүй шаардлагатай 15 нэр төрлийн 22 эмийн худалдан авалтыг төрөөс хийж байгаа. Эхний эм дөрөвдүгээр сарын сүүлээр орж ирнэ. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Томоохон өөрчлөлт хийнэ. Казахстан, Киргиз руу Монголд үйлдвэрлэсэн эмийг экспортлох боломж олгож байгаа" гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо.