Xоригдлуудтай ганцаарчлан уулзжээ

Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсэг ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид өчигдөр ажиллажээ. Тус ангийн захирагч хурандаа С.Батсайхан ангийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.

Шалгалтын хүрээнд тус ангид хоригдож байгаа 260 гаруй хоригдлоос санал асуулга авч, нөхцөл байдлыг тодруулахаар ангийн удирдлага, холбогдох албан тушаалтан нэр бүхий хоригдлуудтай ганцаарчлан уулзжээ. Түүнчлэн шалгалтын ажлын хэсгийн гишүүдтэй ганцаарчлан уулзах хүсэлт гаргасан хэд хэдэн хоригдолтой уулзсан байна.

Энэ үеэр хорих ангийн холбоо дохиоллын нэгж, оёдол, хувцас, гутал, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцав. Хүний эрхийн үндэсний комисс хорих ангийн нөхцөл, хоригдлын албадан хөдөлмөрөөс ангид байх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт, судалгааны дүнг үндэслэн зохих арга хэмжээ авах юм байна.