Хөгжлийн банкийг шалгах Түр хороог байгууллаа

УИХ-ын чуулганаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын 20 гишүүнээс энэ сарын 6-ндөргөн мэдүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 20 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах явцад тус банкны үйл ажиллагаанд хууль зөрчигдсөн, санхүүгийн чадавх доройтсон ноцтой нөхцөл байдлууд нь Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хүндрүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэл, олон улс дахь нэр хүнд зэрэгт муугаар нөлөөлж болзошгүй асуудлууд үүсэх магадлалтай гэж үзэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-1 заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц байдлыг шалгах Хянан шалгах түр хороог байгуулах зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан байна.

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу тогтоолын төслийн хэлэлцүүлгийг явуулсан хэмээн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Упсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн байдалд Улсын Их Хурлаас хяналт шалгалт хийх түр хороо байгуулах нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж үзэж, дээрх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

УИХ-ын Хянан шалгах түр хороо Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, дараах бүрэн эрхтэй ажиллана:

  • Нотлох баримт цуглуулах, гаргуулах, судлах
  • Нотлох баримтыг нийтийн сонсголоор судалж үнэлэх
  • Гэрчээр дуудах, мэдүүлэг авах, асуулт тавих
  • Шинжээч томилох, тайлбар мэдүүлэг авах санал дүгнэлтээ УИХ-аар хэлэлцүүлэх
  • Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг нэгдсэн чуулганд танилцуулж, санал боловсруулах