"141 саналаас 126 нь нэг ижил"

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулсан юм.

Тус Байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай холбогдуулан бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан 127 хуулийн төслүүдийн хэрэгжиж эхлэх хугацааг ердийн журмаар тогтоохоор, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах болон хуулийн нэр томьёог тус хуультай нийцүүлж жигдлэх талаар нийт 142 зарчмын зөрүүтэй саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хууль санаачлагчид нь буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.10 дахь хэсэгт заасны дагуу боловсруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Бид төвлөрөлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг нэмэгдүүлэх, хэт босоо тогтолцоог багасгах агуулгаар 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлэх, төвлөрлийг сааруулахын тулд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан. Энэ хуультай нийцүүлэн бусад хуулиудыг өөрчлөх гэж байна. Гэтэл орж ирж байгаа хуулиудыг харахад Үндсэн хуулийн үзэл баримтлал алдагдсан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутагт эрх мэдлийг шилжүүлэхийн тулд тодорхой төрлийн татваруудыг орон нутагт шилжүүлэхээр болсон. Тухайлбал, хүн амын орлогын албан татварын 40 хувийг орон нутаг өөртөө үлдээж, өөрсдөө захиран зарцуулж асуудлаа шийдэх зохицуулалтыг хийж өгсөн. Мөн үл хөдлөх эд хөрөнгийн татварыг орон нутагт нь үлдээхээр шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн бусад хуулиудаа боловсруулах байтал одоо хэлэлцэх гэж байгаа хуулиар төвлөрлийг сааруулах биш эсрэгээрээ байхаар тусгасан гэж харж байна гээд тайлбар авахыг хүссэн.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх ажлыг зохион байгуулах тухай Ерөнхий сайдын захирамжаар яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Яамдууд өөр өөрсдийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг шинээр батлагдсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцүүлэх талаар судалгаа хийж оруулж ирсэн. Ингэхдээ гишүүний дурдсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг орон нутагт үлдээх зохицуулалтын хуваарилах арга зам, процедур нь тодорхой тусгагдаагүй байгаа учир Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар үүнийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг Төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад, үлдсэн хэсгээс нь орон нутгийн төсөвт хуваарилах саналыг Сангийн яамны зүгээс өгсөн. УИХ-ын Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ саналыг хэлэлцээд буцаах нь зүйтэй гэсэн саналтай байгаа гэсэн хариултыг өглөө.

Түүнчлэн УИХ-ын гишүүд баг, хорооны нутаг дэвсгэрийн заагийн асуудал, орон нутагт ажиллаж буй сум, баг зэрэг нэгжийн Тамгын газарт ажиллаж буй хүмүүсийн цалингийн талаар хөндөж, нийслэлийн хороодын тоог нэмж байгаа асуудлын талаар тодруулж, хариулт авсан.

Үргэлжлүүлээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн горимын санал гаргасан. Тэрбээр, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 2020 онд УИХ-аар батлагдаж, 2022 оны 01 дүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн. УИХ-аас энэ хууль батлагдсантай холбогдуулж, бусад хуулиудыг нийцүүлэх чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуу Засгийн газар 127 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар санал оруулж ирсэн. Өнөөдөр энэ 127 хуулийг хэлэлцэж байна. Бидэнд тараагдсан зарчмын зөрүүтэй 141 саналаас 126 нь нэг ижил санал байна. Хууль тус бүр дээр байгаа “Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс буюу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэсэн заалтыг 126 хуулиас хасч байгаа юм. Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулиар ижил агуулгатай зарчмын зөрүүтэй саналуудыг нэгтгэн хурааж болно гэж заасны дагуу дээрх 126 саналыг нэгтгэн хураах горимын санал гаргаж байна гэлээ.

Горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд нэгтгэсэн болон бусад саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.