Нийслэл хот малын өвчингүй байна

Улс орон даяар шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын аян өнөөдрөөс эхлэн өрнөж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотод малын шүлхий өвчин бүртгэгдээгүй бөгөөд нийслэл малын өвчингүй байна гэж Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа мэдээллээ.

Нийслэлийн Мал эмнэлгийн газар бол нийслэлийн хэмжээнд зарагдаж буй малын гаралтай бүтээгдэхүүнд, тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн, нөөцийн маханд  шинжилгээ хийдэг. Өдөр тутамд 50-60 тонн мах, 20-30 тонн сүүг шинжилдэг аж. Ингэхдээ бруцеллёз өвчний шинжилгээг онцолдог. Учир нь бруцеллёз бол мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозийн халдварт өвчин. Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлж, харагдах байдалд насан туршийн эмгэг үлдээдэг өвчин тул тус байгууллага анхаарлаасаа гаргадаггүй аж. Улаанбаатар хотын хэмжээнд сүү нийлүүлж буй 16 аж ахуйн нэгж, 500 орчим өрх айлд бруцеллёзын шинжилгээ хийж, халдварлал маш бага хувьтай гарсан байна. Нийслэл хотын тухайд малын өвчингүй ч хаяа залгаа Төв аймгийн Сэргэлэн суманд малын өвчин бүртгэгдсэн тул анхаарал сэрэмж бүхнээс чухал гэдгийг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяа хэллээ.