Шувуун фабрикт 16, Био комбинатад 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулна

“Нийслэлийн усны тулгамдсан асуудал ба шийдэл-2022” хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлгээс тоймлон хүргэж байна.

1966 оны үерийн үеэр Туул голын усны хэмжээ ердийн үеийнхээсээ 100 дахин нэмэгдсэн бөгөөд 100 гаруй хүний амь эрсдэж, тухайн үеийн ханшаар 300 сая төгрөгийн хохирол амссан. Тэрхүү үерээс болж Улаанбаатар хотын амьдрал 20 хоног зогсож, Туул голын голдирол өөрчлөгдөж, сал урсгах боломжгүй болсон байна. Энэ бол 100 жилд нэг удаа тохиодог үер бөгөөд одоогийн нөхцөлд үерийн аюулаас хэрхэн хамгаалах талаарх судалгааг эрдэмтэд хийжээ. Туул голын урсгал ердийн үед 25 м/сек байдаг бол 1966 онд 1580 м/сек болж, эрэг дагуу ямар ч хамгаалалтгүй байсан байна. Орчин цагт үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс усны урсгалыг 2490 м/сек байхаар тооцож, хамгаалалт хийх ёстой гэсэн тооцоог эрдэмтэд гаргажээ. Өнөөгийн нөхцөлд Туулын хөндийг дүүргэх хэмжээний үерийн аюул үүсэж болзошгүйг ч санууллаа. Ганц Туул гэлтгүй Улаанбаатар хотын дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол, Улиастай, Толгойт голууд ч үерлэх магадлал өндөр юм. Эрдэмтэд аюул ослыг урьдчилан тооцоолоод зогсохгүй үерийн хамгаалалтын даланг хаана, ямар хэмжээний хүчин чадалтайгаар байгуулах болоод гүүр, гүүрэн байгууламжуудын хүчин чадлыг сайжруулах, Туул усан цогцолбор байгуулах шаардлагатай байгааг дурдаж байлаа.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь Компакт гэрээний дагуу Улаанбаатар хотод том хэмжээний  гурван төсөл хэрэгжиж буй юм. Эхнийх нь хотын ус хангамжийг нэмэгдүүлэх баруун эх үүсвэрийн төсөл. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын унд ахуйд жилдээ 50 сая куб метр ус нэмж нийлүүлэх боломж бүрдэх юм. Удаах нь Төв цэвэрлэх байгууламжийн хажууд ус цэвэршүүлэх үйлдвэр. Гурав дахь нь Улаанбаатар хотын усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл юм. Компакт гэрээ таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2026 оны гуравдугаар сарын 31 гэхэд хоёр том дэд бүтцийн төслийг бүрэн хэрэгжүүлж, бүтээн байгуулалтаа дуусгачихсан байх үүргийг Монголын тал  хүлээжээ.

Төслийн хүрээнд Шувуун фабрик орчимд 16 гүний худаг, Био комбинатын талбайд 14 гүний худаг гаргаж, 55 км шугам хоолой барьж байгуулах юм. Сонгинохайрхан уулын зүүн хормойд ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барина. Энэхүү бүтээн байгуулалтаар нийслэлийн баруун зүгт байгуулах шинэ суурьшлын бүсийг цэвэр усаар хангахаар төлөвлөөд байгаа юм. Шинэ Зуунмод, Майдар, Рашаант, Аргалант, Орбит, Баянгол, Өлзийт гэхчлэн суурьшлын бүсүүдийг цэвэр усаар хангах аж.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын тухайд дэд бүтцийн ажилтай зэрэгцүүлэн байгаль, экологийн шийдлийг хийдгээрээ онцлог. Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын талбай орчимд 67 тарвага идээшилж байдаг гэнэ.

Томоохон бүтээн байгуулалтад хүндрэл учруулдаг нэг хүчин зүйл нь газар чөлөөлөлт байдаг. Харин компакт гэрээний газар чөлөөлөлт богино хугацаанд амжилттай өрнөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 65 нэгж талбар, Сонгинохайрхан дүүргийн 84 нэгж талбарыг чөлөөлөөд бараг дуусжээ.

Түүнчлэн ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулснаар Дулааны цахилгаан станцад гүний ус хэрэглэхийг болиулж, дахин боловсруулж цэвэршүүлсэн усыг технологийн хэрэглээ болон үнс зайлуулахдаа ашигладаг болох юм. Тэрхүү үйлдвэрийн барилга угсралтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлэх юм байна.