Д.Тогтохсүрэн: LRT төслөөр нийслэлийн удирдлагуудыг оролцуулж хэлэлцлээ

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар мэдээлэл өглөө. 

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж тодорхой шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Хамгийн чухал нь энэхүү хууль нь томоохон төсөл болохоор УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллах, ингэхийн тулд бүлгээр шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг дахин нэг удаа нягтлан хэлэлцэх шаардлагатай хэмээн үзлээ. 

Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж амжаагүй тогтоолын төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын төсвийн 2022 оны  тухай хууль болон түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоолын төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсан. Үүнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой тогтоолын төсөл байсныг энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нухацтай хэлэлцлээ. Энэхүү тогтоолын төслийн нэгэн чухал хэсэг нь нийслэлийн түгжрэлийг бууруулахтай холбоотой асуудал учраас нийслэлийн удирдлагуудыг оролцуулж хэлэлцсэн юм. Ингэхдээ сүүлийн үед яригдаад байгаа LRT төслийн талаарх танилцуулгыг сонсож, гишүүд үг хэлж, санал бодлоо дэлгэрэнгүй илэрхийллээ. Ийнхүү ярилцсаны эцэст МАН-ын бүлгээс төслийг дахин ярилцах шаардлагатай гэж үзлээ. Үүнээс гадна Тавантолгойн Дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Энэхүү томоохон хоёр асуудлыг Төсвийн хуулийг дагуулан яаран шийдвэрлэх боломжгүй тул бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай хэмээн  гишүүдийн олонх санал нэгдлээ” гэсэн юм.