Д.Цогтбаатар: Хүний амь нас, эд хөрөнгийн эрсдэлтэй асуудлыг хэмнэнэ гэж байхгүй шүү

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Төр хэмнэх бодлого явуулж байгаа нь зөв. Тэгэхдээ тэвчиж болох зардлуудыг хэмнэх нь чухал. Хэмнэ гэдгээр нь далимдуулаад дүр эсгээд хийх ёстой ажлуудыг төсвийн гадна үлдээж болохгүй. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг төсвөөс хасч болохгүй. Сүхбаатар дүүргийн ус зайлуулах байгууламж, далангийн асуудлыг тойргийн гишүүд Ерөнхий сайдыг дагуулж очиж нөхцөл байдлыг харуулсан. Сангийн яам, нийслэл хоёрын хооронд эзэнгүй орхигдлоо. Хүний амь нас, эд хөрөнгийн эрсдэлтэй асуудалд хэмнэнэ гэж байхгүй шүү. Дэд бүтцийн бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулалт хийж, ажлын байр нэмэгдүүлж, хямралыг давна. Даралт нь буурч байгаа хүнд дахиад эм өгдөггүй шүү. Төрийн байгууллагын орон тоог цомхотгох нь зөв. Сайн цомхотгох хэрэгтэй. Ажлын үр дүн, шаардлагаа харах ёстой. Байгууллагын дэд дарга нар нь салбартаа олон жил ажилласан, арын хаалгагүйгээр дэд даргын албан тушаалд гацсан хүмүүс байдаг. Шинэ дарга нь ажлаа хийж чадахгүй учраас дэдээр нь хийлгэх гэж тавьсан хүмүүс байдаг. Ажлын үр өгөөжид үндэслэж цомхотгол хийгээрэй. Ажил хийдэггүй хүмүүсийг явуулах хэрэгтэй. Дэд дарга нар нь салбарын хүн байлаа гэхэд сэхээтнүүдээ гаргаж хаячихаад салбар доройтох вий. Эдийн засаг эмзэг байна. Сэхээтнээ гадуурхаж үлдээсэн нийгэм сэхээнд ордог" гэв.