Импортыг орлох хөрөнгө оруулалтыг хасахгүй, санхүүжилтийг буруулахгүй

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжсэн болон дэмжээгүй Байнгын хороод, Ажлын хэсгээс гаргасан хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, Ажлын хэсгээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “хүнсний ургамлын тос” гэдгийг хэвээр үлдээх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжив.

Мөн “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг “1.цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх;” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжсэн.

Түүнчлэн Төсвийн байнгын хорооноос гаргасан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 5 дугаар зүйлийн “5.1.хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй компаниас бусад этгээд тэргүүн дэд, дэд, орлогч даргатай байхыг хориглоно”, “5.2.Нийслэлийн Засаг дарга хоёр, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно” гэсэн саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 13 дугаар зүйлд “Хөдөө аж ахуй, хүнс, импортыг орлох хөрөнгө оруулалтыг хасахгүй, санхүүжилтийг буруулахгүй.” гэсэн 13.1.7 дахь заалт нэмэхээр боллоо.