БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг дахин бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд олон болсон. Тэдгээрийн ихэнх хувийг 18-35 насны, дээд боловсролтой залуус эзэлж байна. Коронавирусийн халдвар гарсны улмаас тус улс руу зорчих, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой залуусыг бүртгэх, явуулах үйл явц жил гаруй хугацаанд зогссон. Харин энэ сарын 25-ны өдөр Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр зорчих хүсэлтэй 2200 иргэдийг цахимаар бүртгэв.

Гэвч бүртгэлийн систем нь ачааллаа дийлэхгүй, алдаа заасны улмаас зарим иргэний бүртгэл явагдаагүй. Иймд бүртгүүлж чадаагүй иргэд гомдол гарган, бүртгэлийг цуцлахыг шаардсан юм. Тиймээс ХХҮЕГ-аас 4 сарын 25-ны бүртгэлийг цуцалж 5 сарын 10-ны өдөр болох бүртгэлээр 4500 иргэд бүртгэх шийдвэр гаргажээ.

Гэрээгээр ажиллах иргэдийг 24 доллараар бүртгээд, шалгалтад оруулан улмаар БНСУ-руу явуулдаг. Зорчих эсэх нь тодорхойгүй 2200 иргэн тус бүр 24 доллараар бүртгүүлээд байсан. Харин энэ тоо нь иргэдэд хангалттай байсангүй. Зөвхөн шалгалтад оруулах иргэдийн тоог нэмэх шаардлага хүргүүлж 4500 хүн бүртгэхээр болжээ.