З.Мэндсайхан: Нааштай мэдээллийг Хөх хотын Консулын газраас гаргасан

Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Хүнс, Хөдөө Ажа Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогыг олон нийтэд танилцуулав.

Тэрбээр "Өнөөдөр 14 иргэн ирж уулзлаа. Иргэд гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг хуулийн үр дүн, хаврын тариалалт, хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй зээлийн талаар голчлон асууж байна.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх нөөцийг бүрдүүлэх хууль албажаад долоо хонож байна. Энэ хугацаанд Засгийн газраас тодорхой арга хэмжээг авлаа. Тухайлбал, нөөцийг мах бэлтгэн нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд 130 тэрбум төгрөг, үндэсний гурил үйлдвэрлэгч нарт 100 тэрбум төгрөг буюу нийт 230 тэрбум төгрөгийн гурван хүүтэй зээлийг олгохоор болсон.

Түүнчлэн нөөцийн махны үнийг хямдруулсан. Энэ жил нийт 12,700 тонн нөөцийн мах бүрдүүлсэн бөгөөд 1,600 орчим тонныг нь борлуулсан. Нөөцийн хонины мах кг тутамд 300 төгрөгөөр хямдарсан байгаа. Мөн гулуузаар нь худалдсан. Иргэдийн худалдан авалтын хэмжээ өндөр байна.

Өмнөх жил зуншлага сайн байсан учраас нөөцийн махны тарган туранхай гэсэн асуудал гараагүй. Уг махыг 460 цэгээр худалдаалж байсан бол 556 цэгээр борлуулж байгаа. Борлуулж байгаа цэг болгоноо нөөцийн мах борлуулж байгаа 27 аж ахуйн нэгж хуваагаад авсан. Нөөцийн махны асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар, яам руу хандах хэрэгтэй. Нөөцийн махны чанартай холбоотой ирж буй өргөдөл гомдол бага байна.

Улсын төсвийн тодотголыг баталснаар бүх төрлийн хүнсний буудай, элсэн чихэр, цагаан буудайн гаалийн татварыг тэглэсэн. Ингэснээр нөөц бүрдүүлж, үнэ тогтворжих юм.

Энэ жилийн хаврын тариалалтад 55 мянга орчим тонн үр хэрэгтэй бөгөөд үрийн хомсдол үүсэхгүй. Хүнсний ногооны тариаланчдад гурван хувийн хүүтэй зээлийг мөн олгож эхлээд байна.

Засгийн газраас ноос, ноолуур бэлтгэдэг аж ахуйн нэгжүүдэд гурван хувийн хүүтэй 150 тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ зээлээр аж ахуйн нэгжүүд ноолуурыг цаг хугацаанд нь өндөр үнээр авахаар бэлтгэж байгаа. Зүүн аймагт ноолуур хамгийн өндөр дүнтэй буюу 157 мянган төгрөгөөр худалдаж авсан. Нэг кг ноолуурын дундаж үнэ өнөө өглөөний мэдээллээр 100 мянган төгрөг байна.

Ноолуурыг үнэ цэнтэй байлгах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар илүү анхаарч ажиллаж байна. Ноолуурыг угаахаас цааш боловсруулалт хийж экспортод гаргах техникийн зохицуулалтыг баталсан. Засгийн газар ноолуурын үнэ улам өсөх суурь нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

Цар тахлын өмнө дулааны аргаар бэлтгэсэн тав орчим тонн махыг эхний ээлжид яаралтай БНХАУ руу гаргахад анхаарна. Нааштай мэдээллийг Хөх хотын Консулын газраас гаргасан. Гэхдээ эцсийн байдлаар биш учир мэдээлэх боломжгүй" гэлээ.