Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдэд мөнгөн шагнал олгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон улсын уралдаанд онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох” тогтоолын төслийг танилцуулж, батлуулжээ.

Ингэснээр, 2022 оны 5-р сарын 04-07-ны өдрүүдэд Чех Улсад зохион байгуулагдсан Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын 64 дэх уралдаанд оролцож:

  • 1-р байранд орсон Монгол Улсын Консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч А.Хулан,
  • 3-р байр эзэлсэн мөн сургуулийн сурагч Н.Гүнзээ, Б.Насанжаргал нарт мөнгөн шагнал олгохоор тогтов.

Энэ удаагийн 64 дэх уралдаанд  Монгол Улсаас 5 хүүхэд оролцсоноос 3 хүүхэд байр эзэлж, 2 хүүхэд шагналт буюу 4 дүгээр байранд орсон юм. Мөн энэ жил анх удаагаа хийлийн төрөлд Монгол Улсаас оролцсон сурагч тэргүүн байр эзэлсэн.

Ярослав Косианы нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан нь 1958 оноос хойш зохион байгуулагдаж байна. Я.Косиан нь Чехийн алдарт хийлч, хөгжмийн зохиолч, багш бөгөөд түүнийг нас барсны дараагаас төрөлх Усти хот нь түүний нэрэмжит тэмцээн зохион байгуулж эхэлсэн нь 64 дэх жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан юм.