17 настай Монгол охины түүхэн амжилт

Энэтхэгийн Ченнай хотод явагдсан дэлхийн шатрын 44-р олимпиадын эмэгтэйчүүдийн ангилалын 4-р ширээнд Монголын шигшээ багийг төлөөлөн оролцсон Орхон аймгийн харьяат, дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул бахдам амжилт гаргаж, алтан медаль хүртэж Монгол түмнээ баярлууллаа.

Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзул 10 өрөг тоглож 8 хожиж,1 тэнцэн,1 хожигдож 85 хувийн хожил авч ширээндээ түрүүллээ. Б.Мөнгөнзул маань энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангаж цолоо ахиуллаа. Тэртээх 1960 онд алдарт шатарчин Л.Мягмарсүрэн 4-р ширээнд,1964 онд домогт шатарчин Т.Үйтүмэн 2-р ширээнд эрэгтэй ангилалд түрүүлж байсан түүхтэй юм.

Дэлхийн шатрын олимпиадад Монголын эмэгтэй шигшээ баг 15 дугаар байр эзэллээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээн эхлэхэд олон улсын чансаагаар 28 дугаарт жагсаж байсан. Тэгвэл тэмцээний туршид дэлхийн шилдэг багуудтай оюун ухааны хүчээ үзсэн чансаагаа ийнхүү ахиулжээ.