Aрьс ширний үйлдвэрийн саарал усыг шинжлэхэд сайн үзүүлэлттэй гарчээ

Япон улсын "Мицуй Буссан" ХХК Монголын арьс ширний үйлдвэрийн саарал уснаас дээж авч шинжлүүлсэн ба хариу нь сайн үзүүлэлттэй гарчээ. Ингэснээр саарал усыг цэвэршүүлэх, дахин ашиглах бүрэн боломжтойг тус компанийн төлөөллүүд мэдэгдсэн байна.

Үүнээс гадна зөвхөн арьс ширний үйлдвэр гэлтгүй орон сууц, гэр хорооллын бохир усыг ч дахин ашиглалтад оруулах судалгаа, мэдээллийг танилцуулжээ.

Түүнчлэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох салхины эрчим хүч үйлдвэрлэх бүрэн боломжтой ба энэ асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

Байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Япон улсад үйлдвэрлэгддэг хог хаягдлыг шатаах, устгалд оруулах өндөр технологийн зуухны талаар мэдээлэл солилцлоо. Хэрэв уг зуухыг хэрэглээнд нэвтрүүлнэ гэвэл техник, технологийн зөвлөгөө мэдээллээр хангаж, дэмжлэг үзүүлэх боломжтой гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Япон улсын "Мицуй Буссан" ХХК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Иши Ёошихико, "Water reuse promotion" төвийн төлөөлөгч Тацүми Шимоно, "Комахалтик" ХХК-ийн захирал Комая Эми нартай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.