Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 514,5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Газрын тосны бүтээгдэхүүний бөөний үнийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилт”- хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 276,3 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлага, “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монгол банкнаас Худалдаа хөгжлийн банканд олгосон 204,4 тэрбум төгрөгийн эх үүсвэр, хуримтлагдсан хүү, бусад авлагыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг авахад зарцуулсан гэх төлбөрт суутган тооцохыг Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөлөө.

Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувьтай холбоотой өр төлбөрийг харилцан суутгах ажил үргэлжилж байна. Монгол Улс "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь өмчлөх ажил урагшилж байна. Дараагийн харилцан суутгал хийх хэлцэл үргэлжилнэ” гэлээ.

Монгол Улсын Хөгжийн банкнаас олгосон зээлийн өр төлбөрийг барагдуулах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Монгол Улсын Хөгжлийн банкны нийт олгосон зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн үлдэгдэл нийт зээлийн 57 хувь буюу 1,8 их наяд төгрөгт хүрч, банкны ашигт ажиллагаа буурч, өөрийн хөрөнгийн дутагдалд орж, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын өмнө гэрээгээр хүлээсэн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт алдагдаж, гадаад эх үүсвэрүүд хугацаанаас өмнө дуудагдах эрсдэл үүссэнийг 2022 оны нэгдүгээр сарын 20-нд зарласан.  Монгол Улсын Засгийн газар, Сангийн яам болон төрийн холбогдох байгууллагуудтай хамтран чанаргүй зээлийг эргэн төлүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр энэ сарын 19-ний байдлаар нийт 514,5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Үүнээс 262,9 тэрбум төгрөгийн зээл бүрэн төлөгдөөд байна.