Номын баярт өргөнөөр оролцохыг оюутнуудад уриаллаа

32 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” буюу номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно. Энэхүү арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.  Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр МУИС-ийн оюутнууд, Номын ертөнц клубийн сурагчдад номын баярын талаар болон D-Parliament.mn цахим системийн талаар танилцуулах уулзалт хийлээ.

УИХ-ын дарга "Илүү их уншъя" уриан дор зохион байгуулагдах номын баярт оюутан, залуусыг өргөнөөр оролцохыг уриаллаа.

Мөн “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд номын баярт оролцогчид улам залуужихын зэрэгцээ ном туурвиж, хэвлэн нийтэлдэг залуусын тоо мөн нэмэгдсэн болохыг хэлж байв.

УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн бямба, ням гариг” гэж тусгаж, номын баяр албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм. Номын баярыг Сүхбаатарын талбайд зохион байгуулах бөгөөд НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулдаг уламжлалтай.