Хөвсгөл нуурыг цэвэрлэхэд Япон улс хамтарна

БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран өнгөрсөн долдугаар сараас Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох судалгааны ажлыг эхлүүлсэн.

Тус судалгаанд нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлж, дэмжлэг үзүүлэх талаар Япон Улсын Засгийн газар, Жайка болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Япон Улсын “Ниппон салвэйж” компанийн урилгаар живсэн тээврийн хэрэгсэл, машиныг татан гаргахад шаардлагатай тоног төхөөрөмж, багажийг судлахаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан баг энэ сарын 17-22-ны өдрүүдэд тус улсад ажиллаж байна.

Ажиллах үеэрээ “Ниппон салвэйж” компанийн үйл ажиллагаа болон далайд живсэн хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны туршлага, татан гаргах ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмжтэй танилцаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн нуурт живсэн тээврийн хэрэгсэл, машины байршлыг нарийвчлан тогтооход шаардлагатай судалгааны арга зүй болон цаашид ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийн талаар Жайка болон төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг JICS-ийн мэргэжилтнүүдтэй уулзалт хийж, харилцан туршлага мэдээлэл солилцлоо.