"Шар дарцаг"аяныг дахин зохион байгуулна

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах зорилготой “Шар дарцаг” аяны талаар НЗДТГ, Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. НЗДТГ-ын Хууль эрх зүй хэлтсийн дарга Г.Содбаяр "Шар дарцаг аяныг анх 2021 онд зохион байгуулсан. Гэрэл дохиогүй гарцаар хүүхдүүд шар дарцаг барьж зам хөндлөн гарах болсноор сургууль орчимд гарах зам тээврийн осол 32.5 хувиар буурсан. Энэхүү аян нь нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд  Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд дахь явган хүний гарцын хажууд шар дарцгийг байрлуулаад байна" гэв.
Тээврийн Цагдаагийн Албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Сүүлийн 5 жилд нийт 4900 хүүхэд зам тээврийн осолд өртсөн бөгөөд 195 хүүхэд ослын улмаас амиа алдсан байна. Иймд зам тээврийн ослоор гэмтэж, бэртэж байгаа хүүхдийн тоог бууруулахын тулд "Шар дарцаг" аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна" гэлээ.
Өнгөрсөн жил тус аянаар гэрлэн дохиогүй 45 гарц дээр шар дарцаг байрлуулж, хүүхдүүд дарцгийг ашиглан дохио өгч зам хөндлөн гарч байсан юм. Шар дарцагны цацруулагч 150-200 метрийн зайнаас харагддаг байна. Иймд эцэг, эхчүүд болон сурагчдыг зам хөндлөн гарахдаа шар дарцаг ашиглаж байхыг санууллаа.

Шар дарцгийг хэрэглэх заавар:

1. Гарцны хажууд байрлуулсан шар дарцгийг авна
2. Авто замын хашлагаас нэг алхам зайд зогсож, шар дарцгийг урагш өргөн дохион өгнө
3. Баруун, зүүн тал руу харна
4. Автомашин зогссон үед шар дарцгийг дээшээ боон урагш сунган дохио өгөөд зам хөндлөн гарна
5. Гарцаар гараад шар дарцгийг зориулалтын саванд буцаан хийнэ.