Хүний амь насанд хүрсэн Б.Махбалын шүүх хурал болж байна

2018 оны наймдугаарс арын 9-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, маргалдсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Урьдчилсан байдлаар хүн амины хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй. Тэгвэл өнөөдөр түүний гэм буруутайг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагаас эхлээд байна. Шүүх хуралд яллагдагч Б.Махбал өөрийн биеэр оролцож байгаа юм байна.

Тус шүүх хурал өнгөрсөн сарын 27-нд товлогдсон ч хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралд шинжээч болон гэрчийг оролцуулах хүсэлт гаргаснаар шүүх хурал хойшлоод байсан юм.

Яллагдагч Б.Махбал нь уг хэргийг үйлдэхдээ бусдын нөлөөнд автсан, санаандгүй үйлдэгдсэн гэж мэдүүлсэн гэх мэдээлэл бий. Тэрбээр 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламжиндаа 117.38 сая төгрөгтэй, 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэйгээс гадна гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг гэж АТГ-д мэдүүлсэн байдаг.