Шар тостой "Гэрийн боорцог"
Төрөөд дөрвөн сар болж байгаа Г.Чанцалгончиг өөрийн нөөц бололцоонд тулгуурлаж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Гурав дахь хүүхдийнхээ зулайг үнэрлэсэн тэрбээр жирэмсэн байхдаа дикретний гурван жилээ боломж болгон ашиглан, хувиараа хөдөлмөрлөж, орон сууцтай болох төлөвлөгөө гаргажээ. Юу хийх талаараа хэсэг хугацаанд бодож, судалгаа ч хийсэн байна. Хүүхдүүдээ харахын хажуугаар гэрийн амттай боорцог хийх шийдвэр гаргасан нь хамгийн зөв алхам байв. Шар тостой боорцог хийж, өөхөн тосонд чанана. Багадаа боорцогны бор охин байлаа хэмээн хэлэх Г.Чанцалгончиг хөдөө өсч, хүмүүжсэн. Цагдаа болохыг хүсдэг байсан ч нягтлан бодогч мэргэжлийг эзэмшиж, ажиллаж байгаад амралтаа авсан нь энэ аж.
Захиалга аваад боорцогныхоо гурилыг зуурч, хэрчиж тавьчихаад өглөө үүрээр 04:30 цагт босч тосоо халааж, чанаж эхэлнэ. 08:00 цаг хүртэл 20 кг боорцог чанаж амждаг байна. Хөрсний дараа ууталж, 09:00 цагтай уралдаж, хүргэлтэнд гарна. Ханийнх нь ажлын замд байвал зарим хүргэлтээ дайна. Үлдсэн хүргэлтээ өөрөө хариуцна. 12.00 цагаас өмнө бүх хүргэлтээ дуусгах ёстой. Учир нь хүүхдийн хичээл тарахаас өмнө бүгдийг амжуулах шаардлага тулгардаг байна.
Түүний хувьд өрхөөр үйлдвэрлэж буй "Гэрийн боорцог"-оо хийж эхлэхдээ хоёр кг шар тос 56000 төгрөгөөр худалдаж авчээ. Бусад материал нь гэрт нь бэлэн байжээ. Гурил, сахар, өөхөн тос. Эхний зарсан боорцогны мөнгөөрөө дараагийн захиалгын материалаа худалдан авч эргэлтийн хөрөнгөө босгож, энэ зарчмыг баримталж байгаа гэнэ.
Одоогоо чихэртэй, чихэргүй шар тостой. Овъёос, хивэг, какаотой алагласан зэрэг таван нэр төрлийн боорцог захиалгаар хийж байна. Эсгэгч хэрэглэдэггүй бага зэргийн сода хийдэг гэв.
Үйлдвэрийн боов, боорцогтой харьцуулахад үнэ тун боломжийн. 5000-6000 төгрөгийн үнэтэй. Ямар нэгэн химийн бодистой бүтээгдэхүүн орц, найрлагад нь ороогүй. "Амттай, гоё боорцог байна лээ. Дахиад авна" гэсэн мессеж их ирнэ. Хүмүүс мөнгө төлөөд авч байгаа болохоор хийж буй ажилдаа сэтгэлээ шингээхийг хүсдэг хэлсэн юм.
Худалдан авсан хүмүүс талархлын сайхан үгсээр урамшуулдаг бол аваагүй хүмүүс эсрэгээрээ шүүмжилдэг байна. "Хүүеээ яг шар тос мөн үү. Чи яг шар тос хийсэн үү. Өөхөн тосонд чанасан боорцог 5000 яг аваач" гэх мэт басамжилсан утга бүхий шүүмжлэл ирнэ...
Хүргэлтийн 2000 нэмэхэд боорцогны үнэтэйгээ нийлээд 7000 болно. Үнэтэй байна гэж уурлах нэгэн байдаг ч нялх хүүхэдтэй мундаг ээж байна. Байнгын үйлчлүүлэгч болно гэх нь бий. Үг хүчтэй гэдэг. Сайхан үгс сонсоод баярлаад л гэрийн зүг эрч хүчтэйгээр бяцхан үр рүүгээ яаран явна.
Ирээдүйд "Гэрийн боорцог"-ын нэр төрлийг нэмж, эмээгийнхээ бэлэглэсэн эрвээхэй, мөөг, цэцэгтэй гурван хэвээр кекс хийж, хөрөнгөний талх хийх хүсэлтэй байгаа гэнэ.
С.Ичинхорлоо
Та захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/profile.php?id=100086699507876 холбогдоорой.