Б.Баасандорж: Төрийн хяналт шалгалт нийгмийн хөгжил болон олон улсын жишгээ дагаад өөрчлөгдөх цаг нь болсон

МХЕГ-ын дарга Б.Баасандоржтой ярилцлаа.

-МХЕГ 20 жилийн ойн босгон дээрээ татан буугдахаар болж байна. Танай байгууллагыг татан буулгах ямар хэрэгцээ шаардлага үүссэн гэж харж байна вэ?

-2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдаж, мэргэжлийн хяналтын байгууллага анх байгуулагдаж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллага байгуулагдахаас өмнө төрийн хяналт шалгалтын чиг үүргийг салбар яамд өөр өөрийн баталсан дүрэм, журмын дагуу хэрэгжүүлдэг байсан. Тухайн үед олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр төрийн болон бусад байгууллагын оролцоотой томоохон судалгааны баг ажиллаж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Хуулийн гол үзэл баримтлал нь төр хяналт шалгалтын нэгдсэн хуультай болох явдал гэж үзсэн бөгөөд аж ахуйн үйл ажиллагаанд хууль, стандартын хэрэгжилтийг шалгах процессын хуулийг баталсан. Нийгэмд уг хуулийг байгууллагын хууль гэж харах нь бий. Гэтэл энэ нь байгууллагын хууль гэхээсээ илүү төрийн хяналт шалгалтыг хэрхэн хийх асуудлыг зохицуулсан процессын хууль. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагыг тус хуулийн есдүгээр зүйлийн дагуу 2003 онд байгуулсан. Олон улсад манайх шиг төрийн хяналт шалгалтын тогтолцоотой гурван улс байна. Бусад нь салбарын төрийн байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллага, холбоодоор хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг тогтолцоотой. Өөрөөр хэлбэл, салбарын хяналтын тогтолцоо нь сайн туршлага гэдгийг дэлхийн жишиг харуулж байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, эсвэл татан буулгах асуудал өнөөдөр хөндөгдөж байгаа шинэ зүйл биш. Бараг 10 жилийн өмнөөс буюу 2013 оноос яригдаж эхэлсэн асуудал. Холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байсан ч тохиолдол байдаг. Холбогдох цөөнгүй судалгаа ч байдаг. Бид нэг зүйлийг сайтар ойлгох хэрэгтэй байгаа юм. Ганцхан мэргэжлийн хяналтын байгууллага ч биш төрийн байгууллагыг өөрчлөн зохион байгуулах хэрэгцээ, шаардлага, иргэдийн санал шүүмж байгаа нь тооцоо судалгаа, практик шаардлага дээр үндэслэсэн, тус өөрчлөн зохион байгуулалт нь иргэн, аж ахуйн нэгжид ээлтэй, оновчтой, бизнесийг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлсэн, олон улсын жишигт нийцэж байгаа бол төрийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл байх ёстой. Бусад улс орны туршлага ч ийм.

-Одоогоор зарим салбарт мэргэжлийн хяналтын тогтолцоог шилжүүлчихсэн байгаа санагдаж байна. Тэгэхээр энэ талаарх туршлага бидэнд тодорхой хэмжээнд байгаа гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Мэргэжлийн хяналтын байгууллага анх байгуулагдахдаа эрүүл мэнд, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, барилга байгууламж гэх мэт нийт 30 гаруй салбарт үндсэн хяналт тавьдаг байсан. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд дээрх хяналтуудаас салбар салбарт нь бага багаар шилжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, нэгдмэл тогтолцооноосоо салбарын хяналтын тогтолцоо руу шилжиж эхэлсэн. Тухайлбал, санхүүгийн хяналтыг 2015 онд Сангийн яаманд буюу салбарт нь, хилийн хорио цээрийн хяналтыг 2021 онд ГЕГ-т, эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг 2019 онд эрүүл мэндийн салбарт нь, мал эмнэлгийн салбарын хяналтыг 2017 онд хүнс, хөдөө аж ахуйн салбарт нь хуулиар шилжүүлсэн. Нэг ёсондоо мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоо цагийн аясаар нэгдмэл бус болж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллага иргэд, олон нийтийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн, зөрчлийг таслан зогсоож, хор уршгийг арилгасан олон ажил, арга хэмжээ, үр дүн бий. Нөгөө талаас манай байгууллагын талаар шүүмжлэлтэй ханддаг олон асуудал ч бий. Хууль эрх зүйн орчин болон мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг ойлгомжгүй болж эхэлснээс үүдэн сүүлийн 7-8 жилийн хугацаанд төрийн хяналт шалгалт суларч эхэлсэн нь анзаарагддаг. Тийм ч учраас төрийн хяналт шалгалтын тогтолцоог өөрчлөх хэд хэдэн шалтгаан бий гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, хуулиар хүлээгээгүй олон чиг үүргийг мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлдэг болсон. Тухайлбал, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, аялал жуулчлалын салбарт хуульд заагаагүй байхад иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг болсон. Хоёрдугаарт, нэгдмэл бус тогтолцоотой болсон. Бид 26 салбарын хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаагаас 13-ыг нь өөр байгууллагатай давхардуулан хийж байна. Монгол Улсад төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг 3000 орчим байцаагч байгаагаас 1200 нь мэргэжлийн хяналтын байгууллагад, үлдсэн байцаагч нар нь бусад яам, төрийн байгууллагуудад харьяалагддаг. Өөрөөр хэлбэл, чиг үүргийн давхардал үүсчихсэн байгаа юм. Гуравдугаарт, УИХ-аас 2021 онд Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг баталсан. Тус баримт бичигт тусгагдсан Төрийн бүтээмжийн сэргэлтэд төрийн хяналт шалгалтын давхардлыг арилгаж, тогтолцоог оновчтой болгохыг Засгийн газарт үүрэг болгосон. Үүнийг Засгийн газраас Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад 83 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын байгууллагыг шинэчлэн зохион байгуулж салбар тус бүрт нь шилжүүлж байгаа гэсэн үг. Тус хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

-Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн хяналтын тогтолцоо нэгдмэл байснаар ямар алдаа дутагдал гарч байв. Цаашид энэ алдаа дутагдал яаж сайжирна гэж харж байна?

-Одоогийн байдлаар мэргэжлийн хяналтын байгууллага 26 төрлийн хяналтыг хэрэгжүүлж байгаа. Бодлогын хэрэгжилтэд хяналт тавьдаг боловч эргүүлээд бодлогын хэрэгжилттэйгээ уялдаа холбоо байдаггүй. Иймд бодлого сайжирдаггүй. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хуулиас гадна тухайн салбарын бодлого, хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрддөг. Тиймээс салбар тус бүртээ хяналт шалгалт очсоноор бодлого, түүний хэрэгжилт, хяналт харилцан уялдаа холбоотой болно. Хяналт шалгалтаар илэрсэн бодлогын болон бодлогын хэрэгжилтийн алдаа, дутагдал арилж, хяналт шалгалтын үйл ажиллагаа сайжирна. Өөрөөр хэлбэл, хяналт илүү үр дүн, өгөөжтэй болно. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргүүдийг салбарын яамдуудад шилжүүлэн өгснөөр томоохон өөрчлөлтүүд гарна. Тухайлбал, салбар асуудлаа бүрэн хариуцдаг болно. Мөн салбар салбарт нь хяналтыг хариуцуулснаар зарим эрсдэл багатай хяналтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд мэргэжлийн холбоод, ТББ-уудаар нь хэрэгжүүлэх боломжтой болно.

-Салбар салбартаа мэргэжлийн хяналтын чиг үүрэг нь очсоноор хөндлөнгийн хяналт сулрах юм биш үү?

-Төрийн хяналт шалгалт салбар салбартаа очно гэхээр зарим иргэн, аж ахуйн нэгжүүд “Хөндлөнгийн хяналт байхгүй боллоо” гэж шүүмжлэлтэй хандах тохиолдол байгаа. Юуны өмнө хөндлөнгийн болон хараат бус хяналтын талаар ойлголтоо нэгтгэх нь чухал байх. Хяналтын байгууллагын талаарх олон улсын стандартад “Бизнес эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд төрийн аль нэг байгууллага холбогдох хууль тогтоомжийн дагуу, хяналт тавих процессыг хөндлөнгийн хяналт хэмээн тодорхойлсон байдаг. Иймд аж ахуйн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналт сулрахгүй. Бизнес эрхлэгчдийн дунд “Төрийн хяналт шалгалтын чиг үүрэг яамдаа харьяалагдахаар тэнд хэн хяналт тавих юм бэ, сайд дарга нарын үүрэг даалгавраар төрийн хяналт байхгүй болчих юм биш үү” гэх эргэлзээ, шүүмж байна. Манайд салбар нь салбараа хянадаг сайн туршлага байгаа. Тухайлбал, Монголбанк нэг талдаа банк байгуулах зөвшөөрөл олгодог бол, нөгөө талдаа үйл ажиллагааг нь хянадаг. Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн салбарууд байна. Энэ тогтолцоо төрийн байгууллагуудад бий болчихсон. Хамгийн гол нь төрийн байгууллагуудын хараат бус байдлын тухайд хэлэхэд, хэрэв аль ч шатны байцаагч даргынхаа, сайдынхаа өгсөн үүрэг даалгавраар төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлбэл хараат бус байдалд нь нөлөөлж байгаа хэрэг. Үүнийг ашиг сонирхлын, авлигын, төрийн албаны гэх мэт бусад хуулиар зохицуулах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд бүх шатны байцаагч хяналт шалгалтын ажлаа хэнд ч үл автаж, хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх ёстой гэж заасан. Тиймээс холбогдох хуулиа мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ байдал алдагдвал авлига, ашиг сонирхлын асуудал хөндөгдөж хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд авлига, ашиг сонирхлын зөрчил дагуулсан, нийгэмд дуулиан тарьсан олон хэрэг мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагч, удирдлагын түвшинд гарч байсан. Тиймээс мэргэжлийн хяналтын чиг үүрэг салбар салбартаа очсоноор авлига ашиг сонирхлоос ангид байж чадах эсэхэд улам илүү эргэлзээ төрүүлээд байгаа санагдаж байна л даа?

-Янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална л даа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай байгууллагын байцаагч нараас ажил үүргээ чиг үүргийнхээ дагуу, хуулийн хүрээнд хангалттай сайн биелүүлсэн нь олон бий. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига, ашиг сонирхлын хэрэгт холбогдсон тохиолдол гарсан нь ч үнэн. Гэхдээ ганц нэг хүний буруутай үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байгууллагын нийт албан хаагч, ажилчдад хамаатуулж ойлгох нь өрөөсгөл. Яагаад мэргэжлийн хяналтын байцаагч хууль бус асуудалд орооцолдоод, ажлаа хангалтгүй хийж байна гэх шүүмжлэлд өртөөд байгаа нь төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоо гажуудсантай нэг талаас холбоотой. Өөрөөр хэлбэл, олон улсад хаана ч байхгүй тогтолцоо цагийн аясаар бий болчихож. Төрийн хяналт шалгалтын тогтолцоо гажуудахаар төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа байцаагч нарын үйл ажиллагаанд нөлөөлж, мэргэжил арга зүйн хяналт суларч, гажуудахад хүргэсэн. Мөн мэдээж тухайн байцаагчийн хувь хүний ёс зүй, сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой асуудалд ч нөлөөлнө. Тиймээс төрийн хяналт шалгалт салбар салбартаа очсоноор ямар ямар шалгалтыг түлхүү анхаарч, хаана нь зөвлөн тусалж, сануулдаг чиг үүрэгтээ анхаарах юм, ямар хяналтыг гэрээний үндсэн бусдаар гүйцэтгүүлж болох гэх мэт салбарын бодлогын түвшинд анхаарч ажиллах боломж бүрдэнэ.

-МХЕГ-т одоогоор 1600 орчим алба хаагч харьяалагддаг гэх мэдээлэл бий. Он гарсаар МХЕГ татан буугдсанаар ажилгүй болж, цомхотголд өртөж байгаа алба хаагчид бий юү?

-УИХ-аас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Үүний дагуу Засгийн газраас холбогдох ажлын хэсэг байгуулагдаж ажиллана. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажилладаг 1500 гаруй албан хаагч бий. Үүнээс 1200 орчим нь улсын ахлах болон улсын байцаагч. Эдгээр байцаагч нараас нэг ч хүн ажилгүй болохгүй. Өөрөөр хэлбэл, бүгд харьяа салбартаа шилжиж ажиллана. Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 200 гаруй алба хаагчдын асуудал яригдана. Эдгээр алба хаагчдын асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ. Цомхотголд орох хэд хэдэн төрлийн албан тушаалтан бий. Тухайлбал, мэргэжлийн хяналтын байгууллагын дарга, НМХГ-ын дарга, 21 аймаг, есөн дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нар цомхотголд орно. Өөрөөр хэлбэл, дарга нар ажилгүй болно. Холбогдох хууль тогтоомжийн дагуу уг асуудлыг шийдвэрлэнэ. Яамдуудад шилжиж очиж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагын зарим алба хаагчдын хувьд цалин, албан тушаалын зэрэглэл нэмэгдэж байгаа.

-МХЕГ-ын жилийн зардал хэдэн төгрөг байсан бэ. Салбартаа хуваарилагдснаар хяналтын чиг үүргийн зардал нэмэгдэж байгаа юу, хумигдаж байгаа юу?

-Төсвийн зардлын тухайд тодорхой түвшинд хэмнэгдэж байгаа. Төрийн хяналт шалгалтын тогтолцоонд өөрчлөлт орж байгаа асуудал нь бизнес эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд ашигтай байх ёстой. Тэдний цагийг хэмнэсэн, бүтээмжийг нэмэгдүүлсэн, үйл ажиллааг нь дэмжсэн, оновчтой өөрчлөлт байх нь нэн тэргүүний асуудал. Хоёрдугаарт, төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж байгаа албан хаагчдын асуудал хөндөгдөнө. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг бизнес эрхлэгчид ихэвчлэн дарамт гэж хардаг. Гэтэл манай байгууллагын бас нэг гол чиг үүрэг бол бизнес эрхлэгчдэд зөвлөн туслах, дэмжих асуудал байдаг. Салбар салбартаа очсоноор энэ чиглэлдээ түлхүү анхаарна гэж бодож байна.

Бодлогын түвшинд шинэчлэгдэж байгаа асуудлаа хэрхэн уялдуулж, албан хаагчдаа хэрхэн сургаж, байгаа хүний нөөцөө хэрхэн зөв ашиглаж, мэргэжил арга зүйн удирдлагаар хэрхэн яаж хангах асуудлыг тухайн салбар хариуцаад явах учраас цаашид хүний нөөцийн хувьд тухайн салбарын бодлогын түвшинд илүү хурдан чадавхжиж, бүтээмж сайжирна гэж харж байгаа.

-МХЕГ татан буугдах үед танай байгууллагад харьяалагдаж байсан эд хөрөнгийг хааш нь шилжүүлэх вэ?

-Хяналтын улсын ахлах болон улсын байцаагч нар хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа нэг бүрийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашигладаг. Эдгээрийн хамт эзэмшиж байгаа, хариуцан ашиглаж байгаа комьютер, ширээ сандал, цалингийн сан, нийгмийн даатгалын сангийн хамт тухайн салбартаа шилжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хууль, журмынхаа дагуу тухайн албан хаагчаа дагаад цалингийн сан, нийгмийн даатгалын сан, шимтгэл, урамшуулалтай холбогдох хөрөнгө, эд материал, тоног төхөөрөмжийн хамт шилжиж байгаа гэж ойлгож болно.

-Шинэчлэлтийг хэрэгжүүлэх явцад ямар нэгэн байдлаар алдаа гарч, хуулийн цоорхой хийдэл гарахгүй байх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна?

-Ер нь аливаа өөрчлөлт, шинэчлэлд байгууллагын даргын амбицаа дарж, хойш нь татаж, үйлчилгээ авч байгаа иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, алдаатай гажуудсан системийг цаг алдалгүй бодитоор харж оновчтой болгон өөрчилж, шинэчлэх нь чухал. Төрийн хяналт шалгалтын тогтолцоо нь эрсдэл өндөр, өргөн хүрээг хамардаг эмзэг тогтолцоо. Иймд ямар нэгэн байдлаар эрсдэл, хийдэл гарахыг үгүйсгэхгүй. Төрийн хяналт шалгалтын өөрчлөлттэй холбоотой хууль тогтоомж батлагдсан учраас Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын чиг үүргийг хэрхэн яаж шилжүүлэх талаар Засгийн газрын салбар, салбарын яамдын удирдлага, төлөөллийг оруулсан ажлын хэсэг байгуулагдана. Тус ажлын хэсэг 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хууль хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах бөгөөд уг ажлын хэсэг хяналт шалгалтын уялдаа холбоог хэрхэн хангах, эрсдэлээ яаж үнэлэх, салбар салбартаа хяналтаа хэрхэн тавих, шилжилттэй холбоотойгоор орон нутагт ямар арга хэмжээ авах зэрэг бүх асуудлыг хариуцаж ажиллана.

-Давхардсан хяналтын тогтолцоо хэрхэн өөрчлөгдөх вэ. Тухайлбал, өнгөрсөн зун хотын дарга Д.Сумъяабазар “Street food” үйлчилгээ эрхлэгч хэнээс ч зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулж болно хэмээн мэдэгдсэн. Гэтэл бодит байдал дээр дүүрэг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх хяналт шалгалт тасраагүй. Тэгвэл Төрийн хяналт шалгалтын хууль, Зөвшөөрлийн тухай хууль болоод бусад хууль тогтоомжтойгоо хэрхэн уялдах вэ?

-Төрийн хяналт шалгалтын тогтолцоо салбар салбарын хяналтын тогтолцоо руу шилжиж байна. Үүнтэй холбоотойгоор цаашид Төрийн хяналт шалгалтын хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор салбар тус бүрийн холбогдох хууль тогтоомжид үе шаттай өөрчлөлт орно гэж харж байгаа. Нэмж хэлэхэд, олон төрлийн шаардлагагүй хяналт шалгалтыг болих хэрэгтэй. Тухайлбал, гудамж зам талбайд үйлчилгээ явуулахдаа тухайн дүүргийнхээ үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс зөвшөөрөл авсан байхад өөр өөр төрлийн байцаагчид очиж дарамт үзүүлдэг байдал арилах ёстой. Нөгөө талдаа бизнес эрхлэгчид хариуцлагатай байж, хууль тогтоомжоо мөрддөг, дотоод хяналт шалгалтаа хийдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт, захиалагчийн хяналтаа хийдэг байх ёстой. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэг цонхны зарчим нэвтрэх ёстой гэж харж байгаа. Төрийн хяналт шалгалт томоохон үйлдвэрүүд, нийтийн эрх ашиг хөндөгдөх асуудалд түлхүү хяналт тавьдаг байя. Харин жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд орон нутаг болон мэргэжлийн холбоод хяналт тавьдаг байх нь зүйтэй. Хамгийн гол анхаарал хандуулах ёстой хяналт бол хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны буюу байгаль орчны хяналт хатуу, чанга байх юм. Учир нь эдгээр салбарын эрсдэл, хохирол өндөр байдаг. Эцэст нь хэлэхэд, төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа нийгэм, эдийн засгийн хөгжил, хэрэгцээ шаардлагаар олон улсын жишигт нийцсэн тогтолцоонд шилжиж байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлдэг, хянадаг, зөвлөн тусалдаг, сануулдаг, хугацаатай үүрэг даалгавар өгдөг Төрийн хяналт шалгалтын хууль үйлчилсээр байна. Цаашид бодлогын түвшинд зөвлөдөг, сануулдаг, хугацаатай үүрэг даалгавар өгдөг энэ чиглэл рүүгээ түлхүү явах ёстой.