Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг авч байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм. Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авах үүрэгтэй. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүд ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн иргэдэд төслийг танилцуулж, саналыг авав

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням, Б.Жавхлан нар Дархан-Уул аймагт ажиллаж байна. Өнөөдөр тус аймгийн Орхон, Дархан, Шарын гол сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн саналыг авах уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ. Төсөл дэх сонгуулийн холимог тогтолцоотой болгох өөрчлөлтийг иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ саналын хуудсыг гараар тоолох, сонгуулийг шударга явуулахтай холбоотой саналуудыг хэлж байв. Түүнчлэн төлөөллийн чадавхийг бэхжүүлэх үүднээс нийгмийн бүлгүүд, салбарын төлөөллийг багтаах агуулгаар парламентыг өргөтгөж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэхийг уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Улсын Их Хурлын дээрх гишүүд маргааш тус аймгийн Дархан, Хонгор сумдад ажиллана.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэд, сонгогчдод танилцуулахын зэрэгцээ байр суурийг сонсож, саналыг нь авах ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн 7, 8 дугаар хорооны иргэдтэй энэ сарын 08-ны өдөр уулзалт хийсэн бол 9, 10, 11 дүгээр хорооны иргэдтэй 09-ний өдөр, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдтэй 10-ны өдөр тус тус уулзалт хийгээд байна.

Иргэдийг төлөөлөх парламентын чадамжийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгон хүн амын тоотой уялдуулан нэмэгдүүлэхээр, нийт гишүүний тавин хувийг мажоритар, тавин хувийг пропорционал аргаар сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан талаар танилцуулж, холбогдох судалгаа, мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарласан юм. Түүнчлэн төсөлтэй холбогдуулан иргэдийн байр суурийг сонсож, саналыг авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар энэ өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-6 хорооны иргэдтэй уулзаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлийн талаар иргэдэд танилцуулж, улс орны эдийн засаг, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсож, шийдэл гарцын талаар ярилцжээ.

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Ховд аймгийн иргэдэд танилцуулав

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Ховд аймагт ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу тус аймгийн Үенч, Булган, Эрдэнэбүрэн, Мөст, Алтай сумдын иргэдтэй уулзаж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 152 болгох, Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлт төслийн талаар танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн дээрх сумдын иргэдээс Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлтэй холбоотой саналуудыг авчээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцууллаа

Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу энэ өдрүүдэд нийслэлийн Хан-Уул дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар танилцуулж, иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь хүлээн авах уулзалтуудаа хийж байна.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон иргэд Улсын Их Хурлын сонгуулийг мажоритар болон пропорционал хосолсон тогтолцоогоор явуулахыг, гишүүдийн тоог нэмэгдүүлэхтэй холбогдуулан санал хэлж, байр сууриа илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна

Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар Увс аймагт ажиллаж байна. Тэрбээр Ховд сумын иргэдтэйгээ уулзаж, улс орны нийгэм, эдийн засаг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхийн хамт Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж санал, шүүмжийг нь сонсож харилцан ярилцжээ. Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, мэдээллийг анхааралтай сонсож, санал бодлоо илэн далангүй илэрхийлжээ.

Зарим нь гишүүдийн тоог нэмэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлж гишүүдийн тоог нэмж болох ч 152-оо бага байх нь зүйтэй гэж байв. Эсрэгээрээ төлөөллийн зарчмыг хангаж нийгмийн бүх бүлгээс Улсын Их Хурлын гишүүд сонгогдох ёстой учраас Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дэх 152 гишүүнтэй болгох зохицуулалтыг дэмжсэн иргэд байсан юм. Гэхдээ уулзалтад оролцсон увсчууд гадаад ертөнц дэх нөхцөл байдал тайван бус байгаа энэ цаг үед Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулж, ард иргэдийнхээ хүсэл сонирхлыг бүрэн илэрхийлэх сонгодог парламентын засаглалаа баталгаажуулах нь нэн чухал гэдэгтэй санал нэгдэж байв. 

Өвөрхангайчуудад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулав

Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Д.Тогтохсүрэн нар Улсын Их Хурлын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу Өвөрхангай аймагт ажиллаж байна. Арвайхээр сумын иргэдэд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулахын зэрэгцээ төсөлтэй холбоотой иргэдийн байр суурийг сонсож, саналыг нь авч ажиллаж байна.

Иргэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар олон талын байр суурь илэрхийлсэн байна. Төсөл дэх гишүүдийн тоог нэмэхээр тусгасан асуудалд иргэд олон талын санал шүүмжлэл хэлэ, парламент 100, 108 орчим гишүүнтэй байх нь зүйтэй гэдэг саналыг олонтаа илэрхийлжээ.

Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 7 хоногийн хугацаатай ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаар иргэд, сонгогчдод мэдээлж, танилцуулан, иргэдийн байр суурийг сонсож, холбогдох саналыг авч, нэгтгэнэ. Ийнхүү нэгтгэсэн тайлан мэдээгээ энэ сарын 17-ны дотор Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх бөгөөд тус Байнгын хороо иргэдийн саналыг нэгтгэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт 18-ны дотор хүргүүлэх юм