Словени Улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонийн урилгаар энэ сарын 15-16-ны өдрүүдэд тус улсад айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Ассамблейн Ерөнхийлөгч нарт бараалхаж Словени Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, Европын сайд Таня Файонтай уулзалт хийнэ.

Уулзалтуудын үеэр Монгол, Словенийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярилцана.

Түүнчлэн, Любляна хотноо болох “Олон улсын онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын конвенц” байгуулах Дипломат бага хуралд хүндэт зочноор оролцоно.

Монгол Улс Бүгд Найрамдах Словени Улстай 1993 оны 2 дугаар сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил харилцааны 30 жилийн ой тохиож байна.