Хүүхдийн спортын зуны VII наадамд өсвөрийн тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөж байна

Монголын хүүхдийн спортын зуны VII наадам Баянхонгор аймагт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ наадмыг нээж үг хэлэхдээ Засгийн газар Монголын хүүхдийн спортын наадмыг хоёр жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэснээс хойш энэ жил орон нутагт анх удаа, олон улсын спортын наадмын жишгээр зохион байгуулагдаж байгааг тэмдэглэлээ.

Анхан шатанд 21 аймаг, есөн дүүргийн 43 мянга гаруй өсвөрийн тамирчин өрсөлдсөнөөс 5000 гаруй тамирчин шалгарч тус наадамд оролцож байна. Энэхүү наадам нь оюун санаа, бие бялдар, ёс суртахуун, хүмүүжлийн хувьд алсын хараатай, ирээдүйн Монголыг бүтээх урам зоригийг бадраах эрхэм зорилготойг Ерөнхий сайд онцлоод хоорондоо өрсөлдөж, хэн нэг нь ялагч болохоос илүү өөрийгөө ялж ирсэнд нь өсвөрийн тамирчдад баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогодоо хүний хөгжил, тэр дундаа хүүхэд залуучуудын хөгжлийг гол цөм болгон тусгасан. Монгол Улсын нийт хүн амын 70 хувь нь хүүхэд залуучууд бөгөөд энэ нь ирээдүйн хөгжлийн маш том боломж юм. Тун удахгүй хүүхэд залуус та бүхэн улс орноо нуруундаа үүрч, тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, хөгжил дэвшлийнхээ түүчээ болон урагшлах болно. Харин бид бидний маргааш өнөөдрөөс илүү байхын төлөө би-гээс бидрүү шилжиж, өөрчлөлт, дэвшилтэт хандлага, авлигагүй нийгмийг дараа үедээ өвлүүлэхийн төлөө шударга ёсны тэмцлийн гүүр болох учиртай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Шинэ Монголын залуу үе Та бүхэн хурднаас хурдан, хүчтэйгээс хүчтэй байж, хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй хэмээн Ерөнхий сайд ерөөв.

Монголын хүүхдийн спортын зуны VII наадамд өсвөрийн тамирчид спортын 23 төрөлд өрсөлдөж байна. Манай улсын нэн ховор амьтан мазаалайг тэмцээний бэлгэдлээр сонгосон бөгөөд хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм байна.