Aгаарын бохирдлыг бууруулах Д.Сумъяабазарын аргачлал

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийсэн юм.

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.

64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүр суурилуулав

Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал,  Баянбүрд орчим гэж тооцоолсон. Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай. Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна. Цаашид 423 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шүүлтүүр суурилуулах шаардлагатай байгаа юм.

Автомашины дундаж хурдыг нэмэгдүүлэхэд агаарын бохирдол буурна

Улаанбаатар хотод байгаа автомашинуудын 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг байна. Иймд автомашинаас ялгарч буй бодисын хэмжээ байнга өсөх хандлагатай байгаа тул түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Мөн авто замаас үүдэлтэй дуу чимээний бохирдол их байна. ДЭМБ-аас хүлцэх хэмжээ нь 60 дб хэмээн тогтоосон бол Улаанбаатар хотын дундаж дуу чимээ 75.1 дб байгаа. Автомашины дундаж хурдыг 26 хувиар нэмэгдүүлэхэд тээврийн хэрэгслээс ялгарч буй агаарын бохирдол 17.8 хувь буурах боломжтой.

Авто замын хажуугийн орчин нөхцөлөөс хамааран агаарын бохирдолд өртөх шинж нь ялгаатай байна. Тухайлбал,

  • Явган хүний зам авто замаас 4 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.
  • Явган хүний зам авто зам болон хана хоёрын дунд бол хүлцэх хэмжээнээс 3 дахин их байна.
  • Зүлэг, буттай явган хүний зам авто замаас 5 метрийн зайтай үед бохирдлын хэмжээ хүлцэх хэмжээнд байна.
  • Иймд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах болон орчны тохижилт, эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд явган замын хашаа, хайс, хашлагыг буулгаж байна.

Тоосонцрын бохирдол бүхий хэсгийн 150-аас доош метрт буй иргэд бүх төрлийн тоосонцрын бохирдолд өртөж байдаг бөгөөд энэ нь нөхөн үржихүйн тогтолцоо, амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, зүрх судасны тогтолцоо зэрэгт сөргөөр нөлөөлж байдаг. Ногоон байгууламж нь дуу шуугианыг 10-24, авто замаас 2.5 метр зайд агаарын бохирдлыг бууруулдаг.

Өнгөрсөн хугацаанд нийт 16 байршилд явган хүний 16.1 км зам хийсэн. Цаашид 20 байршилд явган хүний 24.2 км зам тавина.