Б.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зээлийн хүүгийн татаасанд 223.7 тэрбумыг тусгасан

 Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.24/ хуралдаан 15 цаг 37 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан юм.

Хуулийн төслүүдийн талаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улсын эдийн засаг сайжирч, улмаар урт хугацааны хөгжлийн эхний арван жилийн зорилт болох "Шинэ сэргэлтийн бодлого" хэрэгжүүлэх боломж бүрдээд байна. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтын нэг болох “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх 2024 оны  төсвийн төсөлд тусгасныг салбарын сайд танилцуулгадаа онцлоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, хүнсний ногоо, газар тариалангийн ажлын явц, бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг технологийн парк,  мах, ноос, арьс шир, түүхий эд, хүнс, сүү боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн татаасанд зориулж 223.7 тэрбум төгрөг, мөн ойжуулалт хөтөлбөрийн хүрээнд урсгал зардалд  нийт 46.0 тэрбум төгрөгийг тусгасан гэж байв.

Түүнчлэн, мал эмнэлэг, газар тариалан, цаг уур орчны шинжилгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай зардлыг хянаж тусгасан гэдгийг сайд танилцуулгадаа онцолсон.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.  

Төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зардлын дүн 2023 оны тодотгосон төсвөөс 103.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 755.1 тэрбум төгрөгөөр төсөвлөгдсөн нь Засгийн газраас 2024 онд нийт албан хаагчдын үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих зээлийн хүүгийн татаас үзүүлэх, Төрийн албаны тухай хуулийн дагуу хөдөө орон нутагт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох, мазаалай баавгайг хамгаалах төвийг шинээр байгуулах, улаанбуудай, арьс шир, ноосны урамшууллын зардлын хэмжээг нэмэгдүүлэн төлөвлөсөн зэрэгтэй холбоотой байна. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайдын 2024 оны урсгал зардлын төсөвт төсвийн хязгаарыг хэтрүүлэн төлөвлөсөн 45.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой байгааг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцолсон.

Төсвийн ерөнхий захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, зорилттой нийцэж буй хэдий ч Монгол Улсын 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилт, арга хэмжээнээс Байгаль орчин, аялал жуулчлалын яам Байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, ногоон бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, Онги-Цагаан бургастай төслийг эхлүүлэх хоёр арга хэмжээ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Монгол Улсыг үхрийн цээж, ямааны годрон, үхрийн тархи сархиагтах өвчингүй, тайван байдлыг ДМАЭМБ-аар баталгаажуулах, Мал эмнэлгийн оношилгооны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Хүнсний үйлдвэрлэлийн дэмжлэгийг эцсийн үр дүнд чиглүүлж оновчтой болгох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизм хэрэгжүүлэх, НӨАТ-ын системд тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хянах, бүртгэх, дэмжлэгийг оновчтой болгох цахим системийг хөгжүүлэх зургаан арга хэмжээг тусгаагүй байгааг танилцуулгад дурдсан байлаа.

Мөн тус Байнгын хороонд харьяалагдах Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2024 оны төсвийн багцад нийт 124.3 тэрбум төгрөгийн 70 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөснөөс хөгжлийн жилийн төлөвлөгөөнд 80.2 тэрбум төгрөгийн 55 төсөл, арга хэмжээ тусгагдсан, 44.0 тэрбум төгрөгийн 15 төсөл, арга хэмжээ тусгагдаагүй байна.  Үр дүнд чиглэсэн төсөвлөлтийн аргыг улсын болон орон нутаг, мөн салбарын төсөвлөлтөд хэрэгжүүлснээс бий болох үр өгөөж, ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэмжих үзүүлэлтийг тодорхой болгож, хүрэх үр дүнг богино, дунд хугацаагаар тодорхойлж үйл ажиллагааг хэмжсэнээр төсвийн зардлын ашиглалт, үр өгөөж нэмэгдэж, төсөвлөсөн хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх боломжтойг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдлаа.

Хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор Н.Наранбаатар, Г.Ганболд, Ж.Батжаргал, Н.Ганибал, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд ирэх жилийн төсөвт ойн хортон шавьжтай тэмцэхэд хэчнээн төгрөг төсөвлөснийг тодруулахын зэрэгцээ малчдад өгөх урамшууллуудыг хугацаа алдалгүй олгох боломжтой эсэх, малыг эрүүлжүүлэх, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын төсвийг нэмэгдүүлсэн эсэхийг илүүтэй лавлаж байв.