О.Цогтгэрэл: Халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхийд байхгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, уг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороо тус тусын эрхлэх асуудлын хүрээнд төсвийн төслийг хэлэлцэж, санал хураан, олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлсэн байна. Тэдгээрийг Ажлын хэсэг нэгтгэн боловсруулж, Төсвийн байнгын хорооны хуралдаанд оруулсныг санал нэг бүрээр хэлэлцсэн хэмээн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулгадаа дурдав. Байнгын хорооны хуралдаанаар зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураалт явуулж, мөн олонхын дэмжлэг авсан, аваагүйээр нь бүлэглэн зарчмын зөрөөтэй 19 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсэг болон Төсвийн байнгын хорооноос Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд зарим өөрчлөлт оруулах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Тухайлбал, төсвийн тэнцлийг сайжруулах үүднээс төсвийн орлогыг 590,8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, ДНБ-д эзлэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 0,8 хувиар сайжруулах, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багцын Нийгмийн даатгалын санд олгох татаасыг 140.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгөөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зарим хөрөнгө оруулалтыг нэмж, 2024 онд гүйцээн ашиглалтад оруулах шаардлагыг үндэслэн зарим төсөл арга хэмжээний санхүүжих дүнг нэмэгдүүлэх, зайлшгүй шаардлагыг үндэслэн төсвийн захирагч нарын багц дотор болон багц хооронд зохицуулалт хийх зэрэг саналыг гаргасан байна.

Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа хэлэлцэж буй асуудлаарх Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн байр суурийг, тус бүлгийн дарга, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл танилцуулав. Тэрбээр, 2023 онд улсын төсвийг өмнөх оныхоос 34 хувь, 2024 онд дахин 31 хувиар тэлж, төсвийн зарлагыг гуравхан сарын өмнө баталсан Төсвийн хүрээний мэдэгдлээс даруй 5.0 их наяд төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүмжлээд, төсвийн хүрээний бодлогын баримт бичгээ 2021 онд гурван удаа, 2022 онд хоёр удаа, энэ онд хоёр удаа өөрчилж байгаа нь Засгийн газар тооцоо судалгаагүй, асуудлаа олж харахгүй байгааг харуулж байна гэсэн юм. Төсвийн зарлага гурван жилийн дотор хоёр дахин нэмэгдэж, ирэх онд 27 их наяд төгрөгт хүрэхээр байгаа нь улсын төсвийг бүхэлд нь сонгууль руу чиглүүлж буй явдал хэмээ үзэж буйгаа Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга онцлоод, макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг хэт өөдрөгөөр төсөөлж, уул уурхайн салбарын орлогын боломжийг ихээхэн хөөсрүүлсэн гэсэн байр суурь илэрхийлсэн юм. Мөн, ядуурлын түвшин нэмэгдэж байгааг тэрбээр дурдаад, гэвч халамжаар ядуурлыг шийдсэн улс дэлхийд байхгүй гэдгийг онцлон, хувийн хэвшлийн орон зайг төр төсвөөр дамжуулан булааж байгааг, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний 80 хувь нь цаашид төсвийн урсгал зардлыг байнга нэмэгдүүлэхээр байгааг анхааруулав.