Ерөнхийлөгчийн зүгээс Цэцийн гишүүнд Э.Энхтуяаг дэвшүүлснийг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Эрдэнээгийн Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгож буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай, нөхөр хүүхийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюүшү их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй. Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ. Хуульч мэргэжлээр 24 жил ажилласан нэр дэвшигч Э.Энхтуяа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг бүрэн хангасан, эрх зүйч мэргэжилтэй, хуульч, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, хууль зүй болон улс төрийн өндөр мэргэшилтэй байх шаардлагыг бүрэн хангаж байгааг Я.Содбаатар дарга хуралдаанд танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нэр дэвшүүлсэн байгууллагаас асуулт асууж, тодрууллаа. Нэр дэвшигчийн боловсрол, мэргэжил, мэргэшлийг нь харгалзан үзэхийн зэрэгцээ Хууль зүй, дотоод хэргийн яаманд 20 гаруй жил мэргэжилтнээс эхлээд Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар дэвшин ажилласан, хууль зүйн захиргааны чиглэлээр мэргэшсэн албан хаагч болохыг Я.Содбаатар дарга онцлов. Үүний зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 2-3 нь эмэгтэй гишүүн байсан уламжлалтай, одоо Ш.Солонго гишүүн ганц эмэгтэй нь байгаа учраас жендэрийн тэгш байдлыг хангах үүднээс нэр дэвшигчийг санал болгож байгааг дурдсан. 

Ингээд гишүүд асуултдаа хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 72.7 хувийн саналаар дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.