УИХ-ын дарга Г.Занданшатар Л.Өлзийсайханы нэрийг дэвшүүлэв

Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас нэр дэвшүүлсэн саналын хэлэлцүүлгээр Байнгын хорооны хуралдаан үргэлжиллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ талаар Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн Лувсандоржийн Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хурлаас санал болгон, нэр дэвшүүлж байна гэлээ. Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхдээ нэн тэргүүнд онолын мэдлэг, Үндсэн хууль, судалгааны ажлын туршлагыг, удаад нь хууль тогтоох, гуравдугаарт гүйцэтгэх, дөрөвдүгээрт шүүх эрх мэдлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага, ур чадварыг үндэслэн Улсын Их Хурлаас Цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулгадаа онцлов.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь МУИС болон УБИС-д нийтдээ 19 жил багшилж, эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламент судлалын чиглэлээр нэг сэдэвт 10 гаруй бүтээл, ном, гарын авлага туурвиж, 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл судалгааны ажил бичиж, эрдэмтэн судлаачид болон олон нийтийн хүртээл болгосон Үндсэн хууль судлаач юм байна. Тэрбээр Үндсэн хууль болон шүүх эрх мэдэл, хууль тогтоох үйл ажиллагааны практик судалгааны чиглэлээр Америк, Герман, Япон, Франц, Солонгос, Швейцарын холбооны улсад мэргэжил дээшлүүлсэн. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор цолтой.

Л.Өлзийсайхан нь 1998 оноос эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр тасралтгүй 25 жил ажиллаж байгааг Улсын Их Хурлын дарга танилцуулсан. 1998-2002 онд УБИС-д, 2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. Хууль тогтоох салбарт буюу Улсын Их Хурлын Тамгын газарт 2007 оноос ажиллаж, мерит зарчмаар өсөн дэвшсээр өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгааг Г.Занданшатар дарга танилцууллаа. Нэр дэвшигч 2007 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын зөвлөх, Экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөхөөр,  2013-2015 онд ШЕЗ-ийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга, 2015- 2017 онд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага зохицуулалтын газрын даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон байна. Л.Өлзийсайхан нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг боловсруулах эхний шатаас хэлэлцэн батлах хүртэл бүхий л үйл явцад Улсын Их Хурлын гишүүдийг мэдээлэл, судалгаагаар хангах ажлыг хариуцаж, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлан ажиллаж Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн төслийг ард иргэдээр хэлэлцүүлэх, санал авах, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар үндэсний хэмжээний Зөвлөлдөх санал асуулга явуулах зэрэг төрийн ажил хэрэг, томоохон түүхэн үйл хэргүүдийг зохион байгуулахад бодлого, хэрэгжилтийн түвшинд мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж хариуцлагатай ажилласан гэдгийг танилцуулгад дурдав. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд тавигдах хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй байх үндсэн шаардлагыг хангаж байгаа, хууль зүй, эрдэм шинжилгээний судалгаанаас эхлэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбарт 25 жил хууль, эрх зүйн мэргэжлийн ажлаа нэр төртэй эрхэлж буй Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Улсын Их Хурлаас нэр дэвшүүлж байгаагаа Г.Занданшатар дарга танилцууллаа.

Улсын Их Хурлын дээрх санал болон нэр дэвшигчээс Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Д.Ганбат нар асуулт асууж, хариулт авав. Нэр дэвшигч Л.Өлзийсайхан нь Үндсэн хуулийн эрх зүйн шинэчлэлийг, ард түмний засаглах эрхийг хамгаалах, парламентын засаглалыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан болохыг Б.Энх-Амгалан гишүүн тэмдэглээд, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үндсэн хуулийг сахиулах чиглэлд онцгойлон анхаарч ажиллахыг хүсээд Монгол Улсын язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, бие даасан байдалтай холбоотой аливаа нэгэн хууль тогтоомжийн асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахдаа мэргэжлийн байгууллагуудаас судалгаа авч, няхуур хандаж байх шаардлагын талаар санал хэллээ. Нэг сэдэвт судалгааны бүтээлүүдийнх нь талаар нэр дэвшигчээс тодруулсан гишүүний асуултад нэр дэвшигч Л.Өлзийсайхан хариулт өгөв. “Парламент”, “Парламентат ёс”, “Парламентын хуралдааны дэгийн онол, арга зүйн үндэс”, “Үндсэн хууль бүтээхүй”, “Хууль дээдлэх ёс”, “Эрх зүйн түүх”, “Дээж түүх” зэрэг хамтын болоод нэг сэдэвт бүтээлүүд болон 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэлийг тэрбээр олон нийтийн хүртээл болгосон байна.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат “Маш цөөхөн гишүүнтэй Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн даргаар би гурван жил ажилласны хувиар Л.Өлзийсайхан дарга бол хуулийг дээдэлж, хуулийн хүрээнд ажиллахыг эрхэм болгодог гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна. Ажлын энэ зарчим нь Монгол Улсын парламентат ёс болон хууль тогтоох байгууллагын түүхэн хөгжилд бодитой, үнэтэй хувь нэмэр оруулсан юм” хэмээгээд Улсын Их Хурлын зүгээс санал болгож буй нэр дэвшигчийг бүрэн дэмжиж буйгаа илэрхийллээ. Д.Цогтбаатар гишүүн, парламентын засаглалтай Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа нь асар их итгэл, найдвар дайж байгааг сануулаад нэр дэвшигчид ажлын амжилт хүсэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу Улсын Их Хурлын 10 гишүүний 9 нь Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд санал болгож буй нэр дэвшигч Л.Өлзийсайханыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг дэмжив. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.