Х.Нямбаатар: Нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд томоохон үүд хаалгыг нээлээ

Улаанбаатар хот ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэний батламж гардуулах ёслол өнөөдөр боллоо. Ингэснээр Улаанбаатар хот дэлхийн 355 хоттой харилцан, эсгий урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, үндэсний бүжгээ сурталчлан таниулах боломж бүрдэж байна.

Ёслолын арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирсэн хүндэт зочид, гар урчууд, бүтээлч үйлдвэрлэгчдийн төлөөлөлд талархал илэрхийлээд “Засгийн газар хийгээд нийслэлийн бодлогын бичиг баримтуудыг хэрэгжүүлэхэд өнөөдрийн үйл ажиллагаа томоохон үүд хаалгыг нээж байна. Эсгий урлал бол Монгол төдийгүй дэлхий дахинд танигдсан байгаль орчинд ээлтэй, “амьсгалдаг” технологи учраас олон улсын зах зээлд гарах бүрэн боломжтой. Үндэсний хувцас, эсгий урлал, ардын бүжгийг бүтээлч үйлдвэрлэлээр хотын эдийн засгийг нэмэгдүүлэх боломж хэмээн үзэж байна” гэсэн юм.

ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ” нь 2004 оны зургаадугаар сард байгуулагдсан. 80 гаруй улсын 355 хот нэгдсэн бөгөөд тогтвортой хөгжлийн төлөө соёл, бүтээлч байдал болон инновацад хөрөнгө оруулалт хийж буй хотуудын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий санаачилга юм.