Шахбаз Хан: Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор олон давуу тал бий болж байна

ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь Төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Хан “Улаанбаатар хот “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орсноор олон давуу тал бий болж байгаа. Мөн олон улсад танигдах чухал алхмыг хийж байгаагаас гадна олон хоттой хамтран ажиллах боломж бүрдэнэ. Улаанбаатар хот жуулчдад нэгэн зэрэг олон зүйлийг санал болгох боломжтой хот гэдгээрээ онцлогтой. Бүтээлч байх нь тогтвортой хөгжлийн үндэс. Улаанбаатар хотод ЮНЕСКО-ийн албан ёсны оффисыг байгуулахаар ярилцана” хэмээв.

“Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдэн орохын тулд улс орнууд өөрсдийн хотын соёлын үнэт зүйл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өв тээгчдийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн онцлогуудаас хамааран соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг салбараас (уран зохиол, хөгжмийн урлаг, кино урлаг, дизайн урлаг, хоолны урлаг, хэвлэл мэдээллийн урлаг, гар урлал ба ардын урлаг) сонгон хүсэлт хүргүүлдэг. Энэ дагуу “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнөөр ахлуулсан Ажлын хэсэг нарийн судалгаа хийн ажилласнаар ардын урлаг, уламжлалт гар урлал төрлөөр ЮНЕСКО-гийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хотыг амжилттай бүртгүүллээ. Ингэснээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дэлхийн 355 хоттой ЮНЕСКО-ийн нэрийн дор бүтээлч хамтын ажиллагааг тэлэх боломж бүрдэж буй юм.