Д.Амарбаясгалан: Иргэд банкны мөнгийг өндөр хүүгээр өсгөж өгдөг ажилчид нь болсон
Х.Нямбаатар эхний нүүдлээ албажуулав!
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд гэсэн “давхар дээл”-ээ хоёуланг нь тайлаад хотын 36 дахь мэйрийн албан буйр сэлгэсэн Х.Нямбаатар тамга атгаснаасаа хоёр сар гаруйн дараа эхний нүүдлээ албажуулав. Гэдэг нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн эцсийн найруулгыг хийж, алх цохисноор ирэх сарын 1-нээс нийслэлд бас нэгэн шинэ дүрмийг хэрэгжүүлэх нь.
“Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын өнгөрсөн 30 жил явж ирсэн бугширсан системийг задлахаас өөр гарцгүй юм. Тийм ч учраас таны туршлага, эр зориг, улс төрийн манлайлал нийслэлд хэрэгтэй болж байна” гэдгийг Х.Нямбаатарыг ажлаа хүлээж авахад Ерөнхий сайдын зүгээс онцолж байв.
Үүний баталгаа болгож Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Б.Дэлгэрсайхан нар УИХ-д өргөн мэдүүлснийг сар гаруйн хугацаанд хэлэлцсэний эцэст ийнхүү баталсан хэрэг. Өнгөрснөөс өнөөдрийг хүртэл нийслэлд өрнүүлсэн бүтээн байгуулалтын үр дүнд нийслэл хот өөрийн гэсэн өнгө төрхтэй болсон ч төлөвлөлтгүй, эмх цэгцгүй, замбараагүй барилга байгууламждаа эргээд боомилуулж эхэлсэн нь гашуун бөгөөд бодит үнэн нь. “Натур” худалдааны төв, Яармагийн дэнж, Дөлгөөн нуур зэрэг бүс орчим үүний бэлээхэн жишээ. Төлөвлөлтгүй хэрнээ стандартгүй “бетонон ширэнгэ” хаана байна, тэнд л байна. Шалтгаан нь тодорхой. Ерөөсөө хот гэдэг их айл өөрийн гэсэн ерөнхий төлөвлөгөөгүй явж ирсний гор нь эцэстээ үер усны гамшгаар илэрсэн удаатай.
Том зургаараа ном журмынх нь дагуу инженерийн дэд бүтэц, зам харгуй барьж, төлөвлөе гэхэд газар чөлөөлөлтийн асуудлаас зогсонги байдалд ордог нь бас нэгэн зовлон. Үүнийг шийдэхийн тулд, хот өөрөө төлөвлөлттэй, төлөвлөгөөтэй явах гол хөшүүрэг нь Засгийн газраас өргөн мэдүүлж, хотын дарга нь өөрөө байлцаж, УИХ-аас баталсан түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах анхдагч хуулийн төсөл юм. Ингэснээр нийслэлийн хэмжээнд архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлэх зөвшөөрөл олгоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, хотын ерөнхий төлөвлөлт бүхий газруудад шилжүүлэх зохицуулалтыг анхдагч болон дагалдах хуулиудад тусгаж байгаа юм. Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг төр тэр дор нь олгоно гэсэн үг.
Дахин төлөвлөлтийн тухайд нэгдсэн журмаар хотоос иргэн, аж ахуйн нэгжүүдэд гурван төрлийн саналыг тавьж, 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд газар чөлөөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцөлтэй. Нэгдүгээрт, иргэд газраа жишиг үнээр буюу бэлэн мөнгөөр худалдах, хоёрдугаарт, түр орон сууцанд орж, дараа нь тухайн байршилд барьсан орон сууцыг өмчлөх, гуравдугаарт, бэлэн орон сууцаар газар, обьектоо солихоор болж байна.
Үндсэндээ эдгээр суурь реформыг хийхгүйгээр цаашид хот агаарын бохирдол, авто замын түгжрэлээс салах боломжгүй. Цаашлаад орон сууцны нэг давхрын байрны зориулалтыг өөрчилж, үйлчилгээний зориулалттай объект болгохыг хориглоно. Төв магистрал гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгааг болиулахаараа онцлог мөн ач холбогдолтой.
Хамгийн том буюу нэн тэргүүнд хэрэгжүүлэх ажил нь нийслэл хотын агаар, хөрс, орчны бохирдлын голомт гэгддэг гэр хорооллын бүс болох Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжлуулах төслийг яаралтай эхлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр тусгасан. Төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдлыг 22, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг гаргаад байгаа юм. Ингэснээр Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс үзүүлсэн бодлогын, хууль, эрх зүйн дэмжлэгийг хотын дарга Х.Нямбаатар УИХ-аар албан ёсоор батлуулсан гэсэн үг.
Одоо түүнд газрын наймаа, сургууль, цэцэрлэгийн талбай болон Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн хорооллууд, жуулчны отог нэртэй хаус хотхонууд тэргүүтэй дунд шатанд бугшсан авлигын суурь системтэй тэмцэх ажлыг хэрэгжүүлэх үлдэж байна. “Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, нийслэлийн албан тушаалтнуудад хатуу сануулъя” гэдгийг ч Ерөнхий сайд НИТХ-ын төлөөлөгчдийн өмнө мэдэгдсэн.
Г.Эрхэс



