Замын-Үүд боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулж эхэллээ

БНХАУ-тай хиллэдэг Монгол Улсын Замын-Үүд авто замын хилийн боомтын ачаа тээврийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг арванхоёрдугаар сарын 16-31-нийг хүртэл хугацаанд эхлүүлжээ.

Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг нь цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм байна.

"Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр ачаа тээврийг шуурхай, саадгүй тээвэрлэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ.

Түүнчлэн тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж зэрэг олон зардал буурч Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой.