Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томиллоо

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнгийн Занданбатыг зургаан жилийн хугацаагаар томилсон бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өөрийнх нь хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудиторын ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албан тушаалд нөхөн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа нь өмнөх албан тушаалтны бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байх зохицуулалттай бөгөөд нөхөн томилогдсон этгээд нь жил хүрэхгүй хугацаанд ажиллана гэдгийг онцолсон.

Дэлэгийн Загджав нь Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн албан тушаалыг эрхэлдэг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа тул Төрийн албаны тухай хуульд заасан нөхөн томилох үлдсэн хугацаанд Монгол Улсын Ерөнхий аудитороор томилуулахыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас санал болгосныг Төсвийн байнгын хороо дэмжсэн хэмээн танилцуулгадаа дурдаад нэр дэвшигчийн намтрыг уншлаа.

Дэлэгийн Загджав нь Ховд хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны харьяа Цэргийн дээд сургуулийг, 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2000 онд Төрийн удирдлагын академи, 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн. Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор. Тэрбээр 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн, 1993-1998 онд "Алтай интернэйшнл" ХХК-ийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, 2008-2012 онд  УИХ-ын гишүүн, Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга, 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд, 2020-2022 онд ШШБЕГ-ын даргаар ажиллаж байсан. 2023 оны 12 сарын 28-наас Үндэсний Аудитын Газрын Ерөнхий Аудиторын орлогчоор ажиллаж байгаа.

Нэр дэвшигчийн томилгоотой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, нэр дэвшигч Д.Загджав бол төрийн албаны зовлон, жаргалыг мэдэх хүн хэмээн тодорхойлоод, харин аудитын газрыг ашиг сонирхлоос ангид байлгах, боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ шатны хөгжлийн гольдролыг алдагдуулахгүй байхад анхаарч ажиллахыг сануулав. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл, хүний нөөцийн чадавхад анхаараарай гээд аудит сайн ажилладаг боловч хариуцлага тооцох явдал сул байгаа хэмээн байр сууриа илэрхийллээ.

Гишүүд үг хэлсний дараа "Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Загджавыг томилохыг дэмжье" гэдэг саналын томьёоллоор нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжиж, Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. Тогтоол 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хэрэгжих эхэлнэ.